
Зэвсэгт хүчний анги, салбарын штабын тэргүүний ажилтнуудын зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зэвсэгт хүчний бүхий л анги, салбарын төлөөлөл чуулсан уг зөвлөгөөн гурван өдрийн турш онол, дадлага хосолсон хэлбэрээр үргэлжилж, анги, салбараа хөгжүүлэх үйлсэд гар бие оролцон, хамт олноо манлайлан ажиллаж яваа тэргүүний офицеруудад мэдлэг туршлагаа солилцох боломжийг бүрдүүлсэн юм.
Зөвлөгөөн эхний өдрөө Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд өрнөсөн бөгөөд зөвлөгөөнд оролцогчид “Орчин үеийн штабуудын хөгжлийн чиг хандлага”, “Анги, салбарын тайван цагийн үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах”, “Байгууллагын хөгжлийн удирдлага, зангилаа асуудлууд”, “S штабын бүтэц зохион байгуулалт, албад тасгийн үүрэг”, “Штабаас байлдааны ажиллагааг төлөвлөн зохион байгуулах”, “Штабын ажилтнуудад тавигдах шаардлага, ёс зүй” зэрэг сэдвээр номын дуу сонсож, мэдлэг оюунаа цэнэглэсэн юм. Эдгээр лекцүүд техник, технологийн асар хурдацтай хөгжил, мэдээ мэдээллийн болоод даяаршлын эрин үе гээд орчин цагийн давалгаан дунд шинэ цагийн Зэвсэгт хүчний ирээдүйн хөгжил, өнгө төрхийг тодорхойлогч залуу боловсон хүчнүүдэд эргэцүүлэн дүгнэж, тунгаан бодох санаа сэдэл үлдээсэн нь лавтай.
Ялангуяа, удирдлагын академийн багш, доктор, профессор Б.Ганбаатар “Байгууллагын хөгжлийн удирдлага, зангилаа асуудлууд” лекцээрээ удирдагч гэж чухам хэн байх, байгууллагаа яаж удирдах, юунд анхаарах, өөрийгөө болоод өрөөлийг хэрхэн хөгжүүлэх тухай өгүүлсний дээр удирдагч хүн бусдынхаа аав, ээж шиг нь байж, ажил хэргийн анхаарал халамж үзүүлж, тэдэндээ итгэл хүлээлгэсний үрээр тухайн байгууллага амжилт хураадгийг онцолж, сонирхолтой яриа өрнүүлсэн нь офицеруудын анхаарлыг багагүй татаж байлаа. Ийнхүү бүтэн өдрийн турш номын дуу сонссон штабын тэргүүний ажилтнууд ЦДБЭЧ-ын уран бүтээлчдийн урлагийн хэсэгчилсэн тоглолтоор оюуны алжаалаа тайлж, дараа нь 3 бүлэгт хуваагдан анги, байгууллагадаа цэргийн сургалт бэлтгэлийг хэрхэн зохион байгуулах, сургалтын ямар шилдэг аргуудыг хэрэглэх, уламжлалт арга хэлбэрүүдтэй яаж хослуулах, давуу талыг хэрхэн тодотгож чанар, үр дүнтэй сургалт явуулах тухай хэлэлцүүлэг хийж, санал бодлоо солилцсон юм.
Зөвлөгөөний хоёр дахь өдөр Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын үйл ажиллагаатай танилцаж, тус бригадын полигонд явагдсан 016, 014, 120, 337 дугаар ангиудын хамтарсан хүч нэмэгдүүлсэн ротын байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуульд саатсанаар үргэлжлэв. Зэвсэгт хүчний ЕЗЦК-аас удирдан зохион байгуулж байгаа энэ сургууль нь “Хүч нэмэгдүүлсэн мотобуудлагын рот дайсны десант хорлон сүйтгэх бүлэгтэй тэмцэх ажиллагаа” сэдвээр явагдаж, багахан хэмжээний “Өгөөмөр” сургуулийг харуулсан гэхэд болно.
Орчин үед Зэвсэгт хүчинд ашиглагдаж байгаа байлдааны хүчирхэг зэвсэглэлүүдийг танилцуулан, тэдгээрийг байлдааны ажиллагаанд хэрхэн ашиглах, аливаа хээрийн сургууль, дадлагыг яаж зохион байгуулдаг талаар мэдээлэл өгч, бодитоор харуулсан нь зөвлөгөөнд оролцож буй төлөөлөгчдөд мөн л мэдлэг туршлага, шинэлэг санаа үлдээсэн биз ээ. Түүнчлэн шинэ бүтээл, оновчтой санааг түгээн дэлгэрүүлж, харилцан туршлага солилцох нь зөвлөгөөний нэг зорилгыг тодорхойлж байсан бөгөөд үүний дагуу Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн Мэдээлэл, соёлын төвд анги, байгууллагууд шинээр санаачлан хийсэн бүтээлүүдээ дэлгэж, зөвлөгөөнд оролцогч төлөөллүүд тэдгээртэй танилцан харилцан туршлага солилцсон юм. Ийнхүү Зэвсэгт хүчний анги, салбарын штабын тэргүүний ажилтны зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө. Зөвлөгөөний төгсгөлд ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав зөвлөгөөнд оролцсон офицеруудтай уулзаж, тэдний санал бодлыг сонссон юм. Тэрээр энэ үеэр хэлсэн үгэндээ, том төрөөс ухаалаг төр рүү шилжих бодлогыг хэрэгжүүлэхэд Зэвсэгт хүчний оролцоо чухлыг дурдаад, цэргийн алба хаагчид ялангуяа, удирдах албан тушаалын офицерууд мэдлэг боловсрол, хүмүүжил, биеэ авч яваа байдал, аливаа асуудалд хандах хандлага, баримт бичиг боловсруулах, хүнтэй харьцах харьцаа, өөрийнхөө санаа бодлыг бусдад ойлгуулах чадвар зэргээрээ хамт олноо үлгэрлэн манлайлж, Зэвсэгт хүчнийхээ хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах учиртайг онцолсон. Мөн тэрээр штабын ажилтнууд хүн таних чадвартай байх чухал, инээсэн бүхэн нөхөр, уурласан бүхэн дайсан биш гэдгийг басхүү хүн чанар, хүн байхын учир чухам юув, санаа зөв бол заяа зөв, Та ямар үр тарина түүнийгээ л хурaана гэдгийг ахлах даргын, бас ах хүний хувьд сургамжилсан юм.

