"ОЛОН УЛСЫН ЦЭРГИЙН НААДАМ-2019" ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ОРНУУДЫН ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО

2019 оны 04 сарын 17

             ОХУ-ын Батлан хамгаалах яам 2015 оноос эхлэн “АрМИ” буюу "Олон улсын цэргийн наадам"-ыг зохион байгуулж ирсэн бөгөөд тус наадам жилээс жилд өргөжин тэлж оролцогч орнуудын тоо нэмэгдсээр байна. “Олон улсын цэргийн наадам-2019”-ийн хүрээнд 10 улсын нутаг дэвсгэрт зохион байгуулагдах 32 уралдаанд одоогийн байдлаар 13 улсын 104 баг оролцож өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлээд байна. Жилээс жилд нэр хүнд, агуулга, ач холбогдол, хамрах хүрээ нь улам бүр өссөөр цэргийн наадмыг хамтран зохион байгуулагч улсын тоо Монгол Улс тэргүүтэй 3 улсаар нэмэгдэж байна. Өмнөх наадмуудад манай цэргийн алба хаагчид “Танкийн биатлон”, “Мэргэн буудагчийн зааг”, “Цэргийн хээрийн гал тогоо” уралдаануудад амжилттай оролцож, амжилтаа тасралтгүй ахиулсаар ирсэн бол анх удаагаа зохион байгуулагч улсын статустайгаар оролцож “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг зохион байгуулахаар болсон юм. Зохион байгуулагч гол орон болох ОХУ-ын газар нутагт 16 уралдаан (14 полигонд), хамтран зохион байгуулагч 9 улсын /Монгол, Азербайжан, Армен, Беларусь, БНХАУ, Иран, Казахстан, Узбекистан, Энэтхэг/ газар нутагт 16 уралдаан явагдана.

         Тэгвэл өнөөдөр цэргийн наадмыг зохион байгуулагч орнуудын Зэвсэгт хүчний удирдлагуудын цахим хурал боллоо. Цахим хурлаар тэмцээний бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа талаар мэдээлэл хийсэн юм. Монгол Улсын талаас ЗХЖШ-ын орлогч дарга, олон улсын "Аравт" морин цэргийн уралдааныг зохион байгуулах хорооны дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, тэмцээний ерөнхий шүүгч, ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийн дарга, хурандаа Д.Цог-Эрдэнэ нар уралдаан зохион байгуулагдах газар орон, оролцогчдын аюулгүй байдлыг хангах болон бэлтгэл сургалтаа явуулахад хэрхэн анхаарч байгаагаас эхлээд тодорхой мэдээлэл өгөв. Манай улс энэхүү уралдааныг зохион байгуулснаар цэргийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монголын түүх, нүүдэлчин ахуй соёл тэр тундаа Монголчуудын морь эзэмшиж ашиглах соёл, уламжлалыг олон улсад сурталчлах боломж нээгдэж байгаа юм. Монгол Улсын Зэвсэгт хүчнээс “Цэргийн наадам-2019”-д “Аравт” морин цэргийн уралдаанаас гадна ОХУ-д зохион байгуулагдах “Танкийн биатлон”, “Хээрийн гал тогоо”, “Инженерийн томьёолол”, Бүгд Найрамдах Беларусь Улсад зохион байгуулагдах “Мэргэн буудагчийн зааг”, БНХАУ-д зохион байгуулагдах “Цэлмэг тэнгэр” уралдаануудад баг бэлтгэн оролцуулахаар төлөвлөж бэлтгэлээ хангасаар байна.

Эх сурвалж: "Соёмбо" сонин

 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1233

Веб холбоос: 9

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019