“ЦАГААН САР-МОНГОЛ ТҮМНИЙ УЛАМЖЛАЛТ ИХ БАЯР”-ЫН ХҮРЭЭ УЛАМ ТЭЛСЭЭР БАЙНА

2019 оны 01 сарын 18

     ЗХЖШ-ын Иргэн-цэргийн харилцааны хэлтсийн дарга, тэмцээний ерөнхий шүүгч, хурандаа С.Төмөрхуягтай ярилцлаа.

        -Энэ өдрүүдэд Зэвсэгт хүчний “Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр” тэмцээн ЦДБЭЧ-ын концертын танхимд зохион байгуулагдаж байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

     -Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр” тэмцээн монгол түмний ахуй амьдралын өвөрмөц хэв маягаас үүссэн ардын уламжлалт ёс заншлыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх замаар хойч үедээ өвлүүлэх, цэргийн алба хаагчдад үндэсний бахархалт үзлийг төлөвшүүлэх, Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх үндсэн зорилготой. 
Энэхүү тэмцээн нь анх “Улаанхуаран” цэргийн хүрээний 5-6 ангийн хэмжээнд явагдаж эхэлсэн ч жилээс жилд оролцох ангиудын тоо тасралтгүй нэмэгдэж, хүрээгээ тэлсээр өдгөө Монгол Улсын өнцөг булан бүрээс Зэвсэгт хүчний алба хаагчид ирж оролцдог соёл урлагийн томоохон тэмцээн болж өргөжсөн. Өнгөрсөн жил гэхэд л Өмнөговь, Баянхонгор, Хэнтий, Эрдэнэт, Дарханд байрлах Зэвсэгт хүчний ангиудаас хүчтэй багууд ирж өрсөлдөж байсан.

-Энэ удаагийн тэмцээний гол онцлог нь юу вэ? 
         -Энэ жилийн тэмцээнд хот, хөдөөгийн 26 анги, байгууллагын 160 орчим алба хаагчид авьяас билэг, ур чадвараа сорин өрсөлдөж байгаагаас хамгийн хол нь алс баруун хязгаар Ховд нутгаас хүчтэй баг ирж, анх удаа тус тэмцээнд оролцож байна. Зэвсэгт хүчний “Урлагийн марш” гэсэн албан бус нэртэй болоод байгаа тус тэмцээний шалгаруулалт 5 хоног үргэлжилнэ. 
Зэвсэгт хүчний ангиудын удирдлагын бүрэлдэхүүнийг соёл урлагийн арга хэмжээнд хамруулах зорилгоор тэмцээний удирдамжид заагдсан “Заавал дуулах дууны тэмцээн”-д ангийн захирагчаас эхлээд жил бүр тодорхой албан тушаалтнууд оролцож ирсэн. Энэ жил Соёл хүмүүжлийн дарга нар дуулж өрсөлдөх бөгөөд Халх ардын дууны тэмцээн, Монголын ард түмний оюуны их өв болсон “Жангар”-ын туулиас асуулт, хариултын тэмцээн явагдаж байгаагаар онцлог юм.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд ямар хүмүүс ажиллаж байгаа вэ? 
        -ЦДБЭЧ-ын үндэсний хөгжмийн багш МУУГЗ Г.Батнасан, гоцлол дуучин МУГЖ Б.Батбаатар, гоцлол бүжигчин МУГЖ А.Бямбатөгс нар маань тэмцээнийг дэнслэх эрхэм хариуцлагатай үүргийг хүлээж байгаа. Мөн урлаг судлаач, туульч СТА Г.Нямгэрэл бидний урилгаар шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байна. 
Тэмцээний ач холбогдлыг та хэрхэн дүгнэж байна вэ? 
     -Монгол түмний соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлж, сурталчлахад энэхүү тэмцээн үнэтэй хувь нэмрээ оруулсаар байгааг онцлох хэрэгтэй. Жил бүр ардын дууг ардын богино дуу, харилцаа дуу, хошин дуу, домогт дуу, баруун монгол ардын дуу гэх мэтээр төрөлжүүлэн 10 дууг нэр заан удирдамжид тусгаж ирсэн. Энэ жил төв халхын дуунаас сугалж, сугалаагаар оногдсон дууг дуулж өрсөлдөж байна. Багууд шүүгчдээс аль болох өндөр оноо авахын тулд удирдамжид заагдсан зайлшгүй 10 дууг сурах, судлах шаардлагатай болдог. Тус тэмцээн зохион байгуулагдаж эхэлснээс хойш Зэвсэгт хүчний алба хаагчид өнөө цагт мартагдаж, дуулагдахаа больсон 170 орчим ардын дууг сурч, дуулсан гэсэн статистик тоо баримт бий. Зөвхөн энэ тоог дурдахад хангалттай хариулт болох байх.

-Зэвсэгт хүчинд соёл, урлагийг хөгжүүлэх талаар ямар ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлэв?

       -Бид 2018 онд Зэвсэгт хүчний хэмжээний соёл, урлагийн хэд хэдэн томоохон шинэлэг ажил, арга хэмжээг зохион байгууллаа. Тухайлбал, “Зэвсэгт хүчний ардын тэргүүний авьяастнуудын нэгдсэн тоглолт”, “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургуулийн үеэр олон улсын урлагийн наадам, ОХУ-ын Эх орончдын баярын өдөрт зориулж “Мартах учиргүй” тоглолт, “Цэргийн гэрээт болон хугацаат алба хаагчдын шинэ жил” зэрэг ажлыг амжилттай хэрэгжүүллээ. Мөн ЗХЖШ-ын ажилтнууд оролцсон “Яг түүн шиг” уралдааныг амжилттай зохион байгуулсан нь бас л урлаг, соёлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн шинэлэг ажил болсон. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр Зэвсэгт хүчний урлаг, соёлын ажлыг нуруундаа үүрч явдаг уран сайханч ардын авьяастнууддаа урам өгч, тэднийхээ авьяас, чадварыг иргэддээ нээлттэй сурталчилж алдаршуулах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд тодорхой ахиц дэвшил гарсан гэж үзэж байна. Бид цаашдаа Зэвсэгт хүчинд соёл, урлагийг системтэй хөгжүүлэх тогтолцоог төлөвшүүлж, цаг үеэ мэдэрсэн шинэлэг арга, хэлбэрээр баяжуулан хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Энэ бол манай хэлтсийн олон талт үйл ажиллагааны нэгээхэн хэсэг юм. Бусад чиглэлээр ч гэсэн бидэнд хийхээр төлөвлөж байгаа олон ажил бий. Өнөөдрийн энэхүү тэмцээнийг анхлан санаачилж, мэргэжлийн дэмжлэг үзүүлэн, хамтран зохион байгуулж ирсэн хурандаа Г.Золзаяа даргатай ЦДБЭЧ-ын хамт олон болон анги, салбартаа бидний ажлыг дэмжиж байдаг Зэвсэгт хүчний ангиудын захирагч, удирдлагад талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

Эх сурвалж: "Соёмбо" сонин, гэрэл зургийг ахлагч Г.Бат-Эрдэнэ


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1152

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019