Монгол Улсын Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны дайчид, гадаад улсуудад үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид, эх орноо батлан хамгаалах үйлсэд амь бие үл хайрлан тэмцэж, эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн эх орончид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, Зэвсэгт хүчинтэй ажил, амьдралаа холбосон нийт ажилтан албан хаагчид Та бүхэндээ айлчлан ирж буй шинэ оны баярын мэндийг хүргэе!
Бид хамтдаа өвөг дээдсийнхээ дайчин түүх, монгол цэргийн шилдэг уламжлалаа шинэ утга агуулга, үйл явдлаар баяжуулсан нэгэн оныг үдэж, шинэ онтойгоо учран золгож байна.
Улиран одож буй 2025 онд Хуурай замын цэрэг нь цаг үеийн шаардлагаар дэвшигдэн гарч байгаа олон чухал зорилтуудыг хангах, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг төлөвшүүлэх, цэргийн захиргааны удирдлагыг хангах, Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, чадавхыг нэмэгдүүлэх, сургалт бэлтгэлээ эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчлэх зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлсэн түүхэн жил байлаа.
Ялангуяа, мөнхийн хөрш болон гуравдагч хөрш орнуудтай хамтарсан сургуулиудыг амжилттай зохион байгуулсан нь Хуурай замын цэргийнхний бахархалт үйлсийн нэг нь байж, орчин үеийн байлдааны туршлага, сургамжид үндэслэж, нисгэгчгүй нисэх хэрэгслийг сургалт бэлтгэлдээ нэвтрүүлснээрээ онцлог юм.
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, анги Зэвсэгт хүчний Жанжин штабын “Бэлэн байдлын үзлэг”-т амжилттай хамрагдаж, Хуурай замын цэргийн нэгдсэн хээрийн сургуулийг нэгтгэл, ангийн тэгш оролцоонд тулгуурлан шинэлэн арга хэлбэрээр явуулж, ОХУ, АНУ-ын Зэвсэгт хүчин болон Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчинтэй хамтарсан “Сэлэнгэ-2025”, “Зэв-2025”, “Зам-2025” уламжлалт сургуулиудыг зохион байгуулж, БНСУ-ын Зэвсэгт хүчний Хуурай замын цэрэгтэй хамтран “Гүүр-2025” сургалт дадлагыг амжилттай эхлүүллээ.
“Ахлагчийн хөгжлийн төв”-өө түшиглэн Зэвсэгт хүчний үндсэн хүч болох ахлагчийн бүрэлдэхүүний хөгжлийг дэмжих, нөхөн хангалтыг нэмэгдүүлэх хүрээнд мэргэшүүлэх болон шаталсан сургалтуудыг зохион байгууллаа. Нэгтгэл, ангийн алба хаах орчин нөхцөлийг дээшлүүлэх “Ногоон хөгжил-Эко орчин” төсөл, зэвсэглэл, цэргийн техникийг сайжруулах “Дизель хөдөлгүүр” төслийг амжилттай үргэлжлүүллээ.
Түүнчлэн Зэвсэгт хүчний дээд удирдлагаас даалгасан үүргийн дагуу Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийг хатуу хучилттай авто замаар холбох бүтээн байгуулалт, Халхын голын байлдааны талбарт хамтарсан хайгуулын багийг удирдан ажиллах, цэргийн албаны орчин нөхцөлөө бэхжүүлэх, практик буудлагын талбай байгуулах, алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийг сайжруулах, нийгмийн хариуцлагын хүрээнд хаврын тариалалт, намрын ургац хураалт, бусад сайн үйлсийн аянд идэвх санаачилгатай оролцсон гээд бүтээлч он жил болсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Эх орондоо тангараг өргөж, эр цэргийн албаа хааж байгаа эгэл жирийн байлдагчаас эхлээд Зэвсэгт хүчний ариун жагсаалд багтсан мөрдэс нэгт бүхий л алба хаагчдын маань хөлс хүч, хөдөлмөр зүтгэл энэхүү амжилтад шингэснийг хоёр оны зааг тохион буй энэ торгон мөчид онцлон дурдаж байна.
Ирж буй 2026 он Та бидний хувьд түүхэн жил бөгөөд орчин цагийн Зэвсэгт хүчний 105 жил, Зэвсэгт хүчний 186 дугаар анги болон химийн цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тус тус тохионо. Ирэх ондоо амжилт бүхнээ бататгах, амжаагүй бүхнээ гүйцээх их үйлсийн талбар байх бөгөөд та бид хамтдаа шат шатандаа хариуцлагын тогтолцоог чанаржуулж, албадлагаас санаачилга руу шилжиж, ажил албандаа эзний ёсоор, хамтын хүчээр хичээн зүтгэхийг онцгойлон дурдъя.
Монгол цэргийн түүхэн алдар, гавьяат үйлсийг эрхэмлэн нандигнаж, бахархам үйлсээрээ баяжуулан, нэгэн зорилгын төлөө мөр зэрэгцэн алба хааж буй хамтран зүтгэгч Зэвсэгт хүчнийхээ нийт бие бүрэлдэхүүн болон Та бүхний гэр бүл, үр хүүхдүүдэд дахин шинэ оны баярын мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!