• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"ТЭРГҮҮНИЙ АРДЫН АВЬЯАСТАН ХАМТ ОЛОН"-ООР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 014 ДҮГЭЭР АНГИЙНХАН ШАЛГАРЛАА
Нийтэлсэн: 2017-11-16 10:27:33
Үзсэн: 88

"ТЭРГҮҮНИЙ АРДЫН АВЬЯАСТАН ХАМТ ОЛОН"-ООР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 014 ДҮГЭЭР АНГИЙНХАН ШАЛГАРЛАА
Нийтэлсэн: 2017-11-16 10:27:33 Үзсэн: 88



Зэвсэгт хүчний хэмжээнд “Тэргүүний ардын авьяастан хамт олон” шалгаруулах урлагийн наадам болж өнгөрлөө. Энэ тухай ЗХЖШ-ын Иргэн-цэргийн харилцааны хэлтсийн дарга, хурандаа С.Төмөрхуягаас тодрууллаа.

-Урлагийн наадам нэг сар гаруй хугацаанд үргэлжиллээ. Энэ жилийн наадмын онцлог, ач холбогдол юу байв?

-“Тэргүүний ардын авьяастан хамт олон” шалгаруулах уралдаан ЗХЖШ-ын даргын тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу амжилттай болж дууслаа. Зэвсэгт хүчний хэмжээнд хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг энэхүү урлагийн наадамд Зэвсэгт хүчний анги, байгууллагууд ач холбогдол өгч, өргөн хүрээнд оролцож, анги, байгууллагынхаа урлагийн авьяастнуудаа тодруулж оролцлоо. Улаанбаатар цэргийн хүрээний болон алслагдсан анги, байгууллагуудын шилдэг номеруудаас бүрдсэн концертын бичлэгийг ЗХЖШ, ЦДБЭЧ-аас томилогдсон шүүгчид шүүж, Зэвсэгт хүчний 014, 032, 327, 186, 310 дугаар ангиуд эхний таван байрт шалгарсан. Эдгээр анги, байгууллагын урлагийн тоглолтыг анги, байгууллагуудад нь очин шүүж, шагналт болон тусгай байруудыг шалгаруулсан нь тэмцээнийг үнэн зөв, шударга шүүх нөхцлийг бүрдүүлсэн. Түүнчлэн урлагийн наадмыг зохион байгуулах удирдамжид заасны дагуу Зэвсэгт хүчний анги, байгууллагууд өөрсдийн урлагийн авьяастнуудыг тодруулан, тэдний эгнээг тэлж, харьяа орон нутгагт ажиллаж, амьдарч буй ард иргэд, хамтран ажилладаг албан байгууллагуудын ажилтан, албан хаагчдад өөрсдийн бэлтгэсэн урлагийн тоглолтоо сонирхуулсан. Мөн урлагийн наадмын удирдамжийн дагуу 10 номинаци тус бүрт шилдгүүдийг шалгаруулж, нэгдсэн гала тоглолтод оруулахаар төлөвлөж байна. 
Урлагийн наадмыг зохион байгуулснаараа Зэвсэгт хүчний хэмжээнд ардын авьяастнуудын эгнээг шинээр бүрдүүлж, тэдгээрийн мэдээллийн санд баяжилт хийж, тэднийг сурталчилах ач холбогдолтой. Түүнчлэн Зэвсэгт хүчний анги, байгууллагууд өөрсдийн бэлтгэсэн урлагийн тоглолтоо ард, иргэдэд сонирхуулсан нь Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилах, хүүхэд залуучуудад цэрэг-эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой.

-Нэгдсэн урлагийн наадам зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэсэн?

-Тийм ээ. Урлагийн үзлэгийн шилдэг номеруудыг багтаасан нэгдсэн гала тоглолтыг хийхээр төлөвлөж байна. Түүнээс гадна эцсийн шатны шалгаруулалтад шалгарсан ангиудын урлагийн бүтэн тоглолтыг бичлэгээр нь Зэвсэгт хүчний бүх анги, байгууллагуудад хүргүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа. Энэ нь нэг талаасаа Зэвсэгт хүчний анги, байгууллагууд харилцан туршлага солилцох боломжийг өгнө гэж үзэж байна. Эцэст нь Зэвсэгт хүчний хэмжээнд урлагийн наадмыг шалгаруулах хугацаанд Зэвсэгт хүчний анги, байгууллагуудад ажиллаж байх хугацаандаа ангиудын соёл хүмүүжлийн офицер, зааварлагч, сэтгэл зүйч, соёлын төвийн эрхлэгч, номын санч, үлээвэр найрал хөгжмийн салааны бие бүрэлдэхүүний ажлын байртай танилцаж, иргэн-цэргийн харилцааны хэлтсийн энэ жил авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд, баримталж буй бодлого, чиглэл, цаашид төлөвлөж буй үйл ажиллагаануудын талаар мэдээлэл хийж, тэдний санал, хүсэлтийг хүлээн авч ажиллалаа.

“ТЭРГҮҮНИЙ АРДЫН АВЬЯАСТАН ХАМТ ОЛОН” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД

Шилдэг гоцлол дуучнаар ахмад Н.Батболд (310), шилдэг гоцлол хөгжимчнөөр ахлагч н.Саруулбат (084), шилдэг гоцлол морин хуурчаар байлдагч Б.Эрдэнэбилэг (032), шилдэг гоцлол бүжигчнээр байлдагч Б.Эрдэнэсайхан (013), шилдэг уран уншигчаар Энхмандах (027), язгуур урлагийн шилдэг үзүүлбэрээр “Хишигтэн” хамтлаг (186), шилдэг гоц үзүүлбэрээр “Дүүжингийн үзүүлбэр” (327), найрал дууны шилдэг хамтлагаар “Алтан намар” /холимог найрал/ хамтлаг (014), xөгжмийн шилдэг хамтлагаар “Чингисийн аялгуу” хөгжмийн хамтлаг (032), бүжгийн шилдэг хамтлагаар “Адуучин залуус” хамтлаг (120) дугаар ангиуд тус тус шалгарсан юм.

Холбоотой мэдээ
ДУРСГАЛЫН ХӨШӨӨ, ЦОГЦОЛБОРЫН НЭЭЛТ БОЛЛОО
Нийтэлсэн: 2021-09-30 14:01:01 Үзсэн: 202
ЭРҮҮЛ ДЭЛХИЙН ТӨЛӨӨ ЦУСАА БЭЛЭГЛЭЦГЭЭЕ
Нийтэлсэн: 2020-06-11 15:32:51 Үзсэн: 227
ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Нийтэлсэн: 2020-06-11 14:27:18 Үзсэн: 253
ЗӨВЛӨМЖ
Нийтэлсэн: 2020-03-22 16:17:49 Үзсэн: 222