• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ӨЕГ ЦЭРЭГ ЯЛАГДАШГҮЙ
Нийтэлсэн: 2016-08-04 10:03:23
Үзсэн: 88

ӨЕГ ЦЭРЭГ ЯЛАГДАШГҮЙ
Нийтэлсэн: 2016-08-04 10:03:23 Үзсэн: 88



      Манай умард хөрш энэ өдрүүдэд цэргийн уралдаан тэмцээнээр “амьсгалж” байна. Оросын зарим хэвлэл “Цэргийн олимп” гэсэн гарчигтай нийтлэлүүд тавьсан харагдсан. “Олон улсын армийн тоглолт-2016” 23 төрлөөр ОХУ-ын 19, Казахстаны 1 сургуулийн төвд явагдаж байна. Монголын Зэвсэгт хүчний баг тамирчид оролцож буй 3 төрлийн нэг Москвагийн ойролцох Алабино сургуулийн төвд явагдаж буй “Хээрийн гал тогоо”-ны тэмцээнд Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн дэслэгч Э.Эрдэнэбат ахлагчтай баг 8 дугаар сарын 3-нд АК 74 буугаар цэц мэргэнээ сорин өрсөлдөв. Тэмцээний эхний шат болох буудлагын дасгалыг баг бүрээс 2 тогооч, талхчин гүйцэтгэлээ.

       Дадлагын буудлагад гол өрсөлдөөн ОХУ, БНХАУ, Монгол Улсын багуудын хооронд явагдах төлөв ажиглагдсан нь энэ өдөр явагдсан шалгалтын буудлагаар батлагдав. Цөөхөн онооны илүүгээр БНХАУ-ын баг түрүүлж, Монголын баг аман хүзүүдэж, ОХУ-ын баг гуравт жагсав.  Одоо манай тогооч, талхчдыг 8 дугаар сарын 8, 9, 10, 13-ны өдрүүдэд явагдах хоол,  зууш, талх гурилан бүтээгдэхүүн бэлтгэх мэргэжлийн ур чадвар, чансаа шалгасан тэмцээнүүд хүлээж байна. Хоолыг орц, технологийн дагуу хийсэн эсэхийг үзэхээс гадна амт, өнгө, үнэр, чимэглэсэн байдалд оноо өгч дүгнэхээр шалгуур үзүүлэлтэд тусгажээ. Тэмцээнд оролцож байгаа бүрэлдэхүүн гал тогооны зөөврийн тоног төхөөрөмж ПП-40, КП-30, КП-130, талх баригч ПХБ-04 зэргийг ашиглаж хоол, хүнсний бүтээгдэхүүн бэлтгэх юм.  

          “Хээрийн гал тогоо”-ны тэмцээнд ОХУ, БНХАУ, Казахстан, Монгол, Анголын баг тамирчид ур чадвараа сорьж, дараа жил оролцох зорилгоор Беларусь, Армян, Венесуэл, Тажикстаны цэргийн ар талын бүрэлдэхүүн ажиглагчийн статусаар оролцож байна. Цэргийн тогооч нар “Өег цэрэг ялагдашгүй” гэсэн уриан дор уралдахаасаа илүүтэй харилцан биенээсээ суралцах, мэргэжлээрээ бахархаж ойртон нөхөрлөх хүсэл эрмэлзэлтэй байгаа ажээ.

           Наймдугаар сарын 4-ний өдөр “Армийн тоглолт-2016”-д оролцогсдын хувьд тэмцээн түр завсарлаж, соёлын арга хэмжээний хөтөлбөрийн дагуу ОХУ-ын Зэвсэгт хүчний болон танкийн музей үзэж сонирхлоо. 5-ны өдөр манай танкийн II экипаж Энэтхэг, Армяны экипажтай уралдах бол монголын III экипаж ДОСААФ, Иран, Хятадын танкчидтай цуг гараанд гарна.  Ахлах дэслэгч Б.Баярбаатар, Б.Батжаргал даргатай экипажуудын үзүүлэх амжилт багийн нэгдсэн дүнгээр тэмцээний хагас шигшээд шалгарахад чухал нөлөө үзүүлэх юм. Гинжит хөлөгтнүүдийн их сунгаанд одоогийн байдлаар Казахстаны хоёр экипаж, ОХУ-ын I экипаж тэргүүлж явна.

Г.НЯМДОРЖ

Холбоотой мэдээ
УРАН БҮТЭЭЛЧИД ГАНЗАГА ДҮҮРЭН БУЦЛАА
Нийтэлсэн: 2022-08-27 08:49:31 Үзсэн: 226