• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦЭРГИЙН ДҮРЭМТ ХУВЦАС ӨМСӨХ ДҮРМИЙН ТӨСӨЛ
Нийтэлсэн: 2021-02-02 17:43:35
Үзсэн: 2517

ЦЭРГИЙН ДҮРЭМТ ХУВЦАС ӨМСӨХ ДҮРМИЙН ТӨСӨЛ
Нийтэлсэн: 2021-02-02 17:43:35 Үзсэн: 2517



    Зэвсэгт хүчний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.15 дахь заалтад “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-ийг ЗХЖШ-ын дарга батлахаар заасан билээ. Энэ дагуу “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-ийг шинэчлэн найруулах ажлын хэсэг ажиллаж байна. Иймд Зэвсэгт хүчин, Хилийн ба Дотоодын цэрэг, Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүн энэхүү дүрмийн төсөлд оруулах саналаа erdenemunkh_a@mil.gov.mn цахим хаягаар ирүүлэх нь нээлттэй юм. 

ЦЭРГИЙН ДҮРЭМТ ХУВЦАС ӨМСӨХ ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү дүрмийн зорилго нь цэргийн алба хаагч цэргийн дүрэмт хувцас хэрэглэлийг өмсөх, хэрэглэх хэм хэмжээг тогтоох, дүрэмт хувцас, хэрэглэлийн хэрэглээтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2.Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрмийг Монгол Улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Онцгой байдлын байгууллага, Дотоодын цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Тагнуулын байгууллагын цэргийн алба хаагчид дагаж мөрдөнө.

1.3.Цэргийн дүрэмт хувцас нь төрийн өмч бөгөөд цэргийн эд хөрөнгө мөн.

1.4.Цэргийн алба хаагч нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан загварын цэргийн дүрэмт хувцсыг өмсөж, цол, ялгах тэмдгийг хэрэглэнэ.

1.5.Цэргийн дүрэмт хувцасны эдэлгээний хугацааг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор, стандартыг Монгол Улсын Стандарчилал хэмжил зүйн газраар, цэргийн дүрэмт хувцаснаас бусад тусгай зориулалтын болон хөдөлмөр хамгааллын хувцасны загвар, нэр төрөл, эдэлгээний хугацааг тухайн салбар хариуцсан Засгийн газрын гишүүнээр батлуулан мөрдөнө.

1.6. Цэргийн алба хаагчийн хүйтний болон дулааны улирлын дүрэмт хувцсанд шилжүүлэх хугацааг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар тогтооно.

1.7. Цэргийн нэгтгэл, анги, байгууллага “Зэвсэгт хүчний тухай” хууль, “Цэргийн дотоод албаны дүрэм”, энэхүү дүрмээр тодорхойлсноос бусад үүрэг гүйцэтгэх, тусгай төлөвлөгөөт нэгдсэн ажиллагаа, ажил явуулах үед бие бүрэлдэхүүний өмсөх дүрэмт хувцсыг ахлах дарга болон анги /байгууллага/-ийн захирагч /дарга/-ийн шийдвэрээр жигдрүүлж болно.

1.8. Цэргийн дүрэмт хувцас хэрэглэлийг дүрмийн дагуу өмсөж, хэрэглэж байгаа байдалд бүх шатны захирагч /дарга/ хяналт тавих үүрэгтэй.

1.9.Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм, эдэлгээний хугацааг сурталчлан таниулах ажлыг захирагчийн материал хэрэгслийн хангалт хариуцсан орлогч, хувцасны албаны дарга /хангалт хариуцсан офицер/ нар хариуцна.

1.10. Бэлтгэл болон чөлөөнд байгаа цэргийн алба хаагч ёслол, хүндэтгэлийн ажиллагаанд өөрийн алба хаах хугацаанд хэрэглэж байсан загварын цэргийн дүрэмт хувцас өмсөж болно.

1.11. Цэргийн дүрэмт хувцас нь ёслолын, албаны, хээрийн /тусгай зориулалтын/ гэсэн төрлүүдтэй байна.

1.12. Цэргийн алба хаагчийн хувцас хэрэглэлийг өмсөх улирлаас нь хамааруулан дулааны, хүйтний гэж ангилна. /хүйтний – сэрүүний/

Хоёр. Нэр томьёоны тодорхойлолт

2.1. Энэ дүрэмд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

2.1.1. “Цэргийн дүрэмт хувцас” гэж цэргийн жинхэнэ алба хаагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, цэргийн нэгтгэл, анги, байгууллагын цэргийн сургалт бэлтгэл, өдөр тутмын үйл ажиллагаандаа өмсөж ашиглах, хувцаслалт, гадаад үзэмжийг жигдрүүлэхийн тулд батлагдсан төрөл, загвар, эдэлгээний хугацаа, хангалтын нормоор хүн нэг бүрт олгогддог хувцас, хэрэглэлийг;

2.1.2. “Ёслолын хувцас” гэж Төрийн болон цэргийн ёслол, төрийн цэргийн байгууллагын тэмдэглэлт ой, баярын ажиллагаанд цэргийн алба хаагч өмсөхөд зориулагдсан цэргийн дүрэмт хувцсыг;

Ёслолын хувцсыг ёслол – жагсаалын, ёслол - амралтын байдлаар өмсөж хэрэглэнэ.

2.1.3. “Албаны хувцас” гэж ёслолын болон хээрийн хувцас өмсөхөөс бусад цэргийн сургалт бэлтгэл, өдөр тутмын үйл ажиллагаа, цэргийн албаны нэгдсэн ажиллагаанд цэргийн алба хаагч өмсөхөд зориулагдсан цэргийн дүрэмт хувцсыг;

2.1.4. “Хээрийн хувцас” гэдэг нь цэргийн алба хаагч хуульд заасан үндсэн болон бусад үүрэг гүйцэтгэх, хээрийн сургууль, хичээл, дадлагад оролцох, байлдааны жижүүрлэлт, хоногийн жижүүр, харуул манаанд үүрэг гүйцэтгэх үед өмсөхөд зориулагдсан цэргийн дүрэмт хувцсыг;

2.1.5. “Дулааны улирал” гэж 04 дүгээр сарын дунд үеэс эхлэн 10 дугаар сарын дунд үе хүртэлх хугацааг;

2.1.6. “Хүйтний улирал” гэж 10 дугаар сарын дунд үеэс эхлэн 04 дүгээр сарын дунд үе хүртэлх хугацааг;

2.1.7 “Сэрүүний үе” гэж дулааны болон хүйтний улирлын заагт хувцас, хэрэглэлийг тохируулан өмсөх цаг агаарын нөхцлийг;

2.1.8. “Тусгай зориулалтын хувцас” гэж ажлын байран дээр үүрэг гүйцэтгэх үед бие махбодийг хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зориулалт бүхий хувцас хэрэглэлийг;

Гурав. Цэргийн алба хаагчийн эрх, үүрэг

3.1. Цэргийн алба хаагчийн эрх:

3.1.1. Монгол Улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллага, Онцгой байдлын байгууллага, Дотоодын цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Тагнуулын байгууллагад алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн сургуулийн сонсогч, хугацаат цэргийн алба хаагч болон цэргийн гэрээт албаны алба хаагчид дүрэмд заасны дагуу цэргийн дүрэмт хувцас өмсөх;

3.1.2. “Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай” Монгол Улсын хууль, Засгийн газраас тогтоосон эдэлгээний хугацааны дагуу цэргийн дүрэмт хувцсаар хангагдах;

3.1.3. Цэргийн дүрэмт болон тусгай зориулалтын, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлийн ашиглалт, хангамжтай холбоотой санал, гомдлыг бичгээр буюу амаар ахлах даргад уламжлах;

3.2. Цэргийн алба хаагчийн үүрэг:

3.2.1. Цэргийн алба хаагч “Цэргийн дотоод албаны дүрэм”-ийн 61 дүгээр зүйлд заасны дагуу зөвхөн албаны үүргээ гүйцэтгэх үедээ цэргийн албаны ба хээрийн дүрэмт /цэргийн дүрэмт хувцас/ хувцас, хэрэглэл өмсөж, хэрэглэх;

3.2.2. Цэргийн алба хаагч нь энэ дүрмийг мөрдлөг болгон, цэргийн дүрэмт хувцас, хэрэглэлийг биедээ зөв тохируулж, бүрэн бүтэн, цэвэр нямбай, ариг гамтай эдэлж, зориулалтын дагуу өмсөж, хэрэглэх;

3.2.3. Цэргийн алба хаагч бүр өөрийн хувцасны өмсгөл хэмжээг мэддэг байх.

Дөрөв. Цэргийн алба хаагчийн дүрэмт хувцасны төрөл, түүнийг өмсөж хэрэглэх

4.1. Ёслолын хувцсыг өмсөж хэрэглэх

4.1.1. Цэргийн нэгтгэл, анги, салбарын бие бүрэлдэхүүн Төрийн болон цэргийн ёслолын ажиллагаа, Монгол Улсын үндсэн хуулинд заасан бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдөр, Төр засгийн тэмдэглэлт ой, баярын ажиллагаа, цэргийн ангид Байлдааны туг гардуулах ёслолд ёслолын хувцас, хэрэглэлийг өмсөж, хэрэглэнэ.

4.1.2. Цэргийн алба хаагч нь энэхүү дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт зааснаас гадна цэргийн тангараг өргөх, цэргийн сургууль, дамжаа төгсөх, цэргийн цол, Төрийн одон, медалиар шагнагдах, гадаадын оронд зохион байгуулагдах ёслол, хүндэтгэлийн ажиллагаанд ёслолын хувцас, хэрэглэлийг өмсөж, хэрэглэнэ.

4.1.3. Цэргийн тэтгэвэрт гарч байгаа цэргийн алба хаагчдыг үдэх цэргийн хүндэтгэлийн ажиллагаанд зөвхөн тэтгэвэрт гарагсад ёслолын хувцас, хэрэглэлийг өмсөж хэрэглэнэ.

4.1.4. Ёслол-жагсаалын байдлаар ёслолын хувцас өмсөх үед төрийн одон, медаль, төрийн цэргийн байгууллагын медаль, сүүлд төгссөн сургуулийн энгэрийн тэмдэг, ойн ба нэрэмжит тэмдэг, нэрийн тэмдэг, байгууллагын таних тэмдэг, бусад чимэг хэрэглэлийг энэ дүрэмд тогтоосон, эгнээ, зайг баримтлан иж бүрэн зүүж хэрэглэнэ.

4.1.5. Ёслол-амралтын байдлаар ёслолын хувцас өмсөх үед ёслолын саан бүс, саан зүүлт, ёслолын бээлийг, хэрэглэхгүй, зөвхөн ёслолын хувцсыг өмсөн, одон, медалийн тууз, нэрийн тэмдэгтэй зүүж хэрэглэнэ. Энэ тохиолдолд Онцгой байдлын байгууллагын цэргийн алба хаагчид ёслолын китель дээр албаны хувцасны мөрдэс зүүхийг зөвшөөрнө.

4.1.6. Хүндэт харуул, торгон цэрэг /морьт/, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бие бүрэлдэхүүн Төрийн ёслолын ажиллагаанд Төрийн ёслолын хүндэт харуулын болон торгон /морьт/ цэргийн дүрэмт хувцсыг өмсөж хэрэглэнэ.

4.1.7. Дулааны улиралд ёслолын хувцас, хэрэглэлийг /Хавсралт 1-д заасан/ дараах заалтын дагуу өмсөж хэрэглэнэ:

Ёслолын саравчтай малгай, бүрх малгай: Дулааны улиралд ёслолын хувцас өмссөн бүх тохиолдолд өмсөнө. Эмэгтэй цэргийн алба хаагч бүрх малгай өмсөнө.

Ёслолын китель: Ахлах даргаас богино ханцуйтай цагаан цамц өмсөх зөвшөөрөл өгөгдсөнөөс бусад ёслолын хувцас өмсөх бүх тохиолдолд өмсөнө.

Хавар, намрын хүрэм /кашемир/: Сэрүүний үед дээд офицер хүзүүний бор ногоон ороолттой өмсөнө.

Савхин дээл: Сэрүүний үед хүзүүний бор ногоон ороолттой, цегейк захгүй өмсөнө.

Эрэгтэй цэргийн алба хаагчийн өмд, эмэгтэй цэргийн алба хаагчийн юбка: Ёслолын хувцас өмсөх бүх тохиолдолд өмсөнө.

Ёслолын цамц /урт ханцуйтай/: Ёслолын китель өмсөх бүх тохиолдолд өмсөх ба цамцны ханцуйд ялгах тэмдэг болон чимэг хэрэглэл зүүхгүй, кительгүй өмссөн үед зөвхөн ёслолын саан мөрдэс, зангиа, зангианы хавчаар зүүнэ.

Ёслолын цамц /богино ханцуйтай/: Ёслолын китель өмсөхгүйгээр хурал зөвлөгөөн, баяр, ёслол, хүндэтгэлийн ажиллагаанд оролцох үед зангиа зүүхгүй, дээд талын нэг дэх товчийг тайлж, одон, медалийн тууз, нэрийн тэмдэг зүүж өмсөнө. Энэ тохиолдолд ёслолын саан мөрдэс зүүж хэрэглэх ба зүүн ханцуйн дээр цэргийн байгууллагын, баруун ханцуйн дээр анги, байгууллагын хатгамал ялгах тэмдэг тус тус хадагдсан байна.

Ёслолын зангиа: Эрэгтэй офицер, ахлагч урт зангиа, эмэгтэй офицер, ахлагч зөрж оёгдсон, хоёр гурвалжин хошуутай богино зангиа хэрэглэнэ. Урт зангианы хавчаарыг цамцны дээд талаас 4-5 дахь товчны дунд зүүнэ.

Ёслолын бээлий: Энэхүү дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан өмсөж хэрэглэнэ. Ёслол - амралтын байдлаар хувцасласан үед бээлий өмсөхгүй.

Зуны гутал: Цэргийн алба хаагч ёслолын хувцас өмсөх бүх тохиолдолд өмсөнө.

Өмдний тэлээ: Ёслолын хувцас өмсөх бүх тохиолдолд хэрэглэнэ.

Ёслолын саан бүс: Ёслол-жагсаалын хувцас өмсөх бүх тохиолдолд кителийн гадуур бүсэлж хэрэглэнэ.

Борооны цув: Зөвхөн бороотой үед өмсөнө.

4.1.8. Хүйтний улиралд ёслолын хувцас, хэрэглэлийг /хавсралт №2/ дараах заалтыг баримтлан өмсөж хэрэглэнэ:

Малгай: Генерал, хурандаа нар каракуль малгайны, офицер, ахлагч нар өвлийн малгайны доод ирмэгийг хөмсөгнөөс дээш 1 см зайд өмсөнө.

Каракуль захтай өвлийн хүрэм /кашемир/: Дээд офицер ёслолын хувцас өмссөн үед хүзүүний бор ногоон ороолттой өмсөнө.

Савхин дээл: Генерал, хурандаа нар каракуль захтай, офицер, ахлагч нар цегейк захтай, салдаг дотортой савхин дээлийг хүзүүний бор ногоон ороолттой өмсөнө. Савхин дээлний хормой газраас дээш 36 см зайтай байна.

Ноосон цамц /ханцуйгүй/: Ёслолын китель өмсөх үед хэрэглэнэ /Онцгой байдлын байгууллага/.

Бээлий: Хар өнгийн, таван хуруутай савхин бээлийг савхин дээл, каракуль захтай өвлийн хүрэм /кашемир/ өмссөн үед хэрэглэнэ.

Гутал: Эрэгтэй цэргийн алба хаагч гоёлын оёдолгүй, хээгүй, хар савхин, богино түрийтэй өвлийн гутал, эмэгтэй цэргийн алба хаагч гоёлын оёдолгүй, хээгүй, хар савхин, өвдөг хүрсэн урт түрийтэй өвлийн гутал өмсөнө. Эрэгтэй цэргийн алба хаагчийн гутлын өсгийний өндөр 2,5 см, эмэгтэй цэргийн алба хаагчийн гутлын өсгийний өндөр 5 см, өсгийн доод хэсгийн өргөн 2-4 см байна.

Хүзүүний ороолт: Бор ногоон өнгийн ороолтыг савхин дээл болон каракуль захтай өвлийн хүрэм /кашемир/-ний дотор талаар, эрэгтэй цэргийн алба хаагч ороолтны зүүн талыг баруун талаар дарж, эмэгтэй цэргийн алба хаагч баруун талыг зүүн талаар дарж зүүнэ.

4.1.9. Дээд офицер ёслолын китель дээр алтан шар өнгийн гар хатгамал цолны тэмдэгтэй, нормын савхин дээл дээр хатгамал цолны тэмдэгтэй албаны мөрдэс зүүнэ. Офицер, ахлагч нар мөнгөлөг саарал өнгийн төмөр цолны тэмдэгтэй албаны хувцасны мөрдэс зүүх ба савхин дээл дээр савхин дэвсгэртэй шар өнгийн хатгамал цолны тэмдэгтэй савхин мөрдэс зүүнэ.

  1. Офицер, ахлагчийн ёслолын хувцасны мөрдэс дээрх цолны тэмдгийн өнгө, хэлбэр, материал, хэмжээ, тоо, тэмдгийн төв болон туузны гол хоорондын зай, мөрдэсний хэмжээг энэхүү дүрмээр /Хавсралт 3, 4/ тогтооно.

4.2. Албаны хувцсыг өмсөж хэрэглэх

4.2.1. Oфицер, ахлагч нар албаны хувцас, хэрэглэлийг ангийн байнгын байрлалд явагдаж байгаа цэргийн албаны өдөр тутмын үйл ажиллагаа, танхимын хичээл сургууль, хурал, зөвлөгөөнд оролцох мөн ЦДАД-ийн 48 дугаар зүйлд заасны дагуу захирагч, дарга нарт илтгэл өгөхөд өмсөж, хэрэглэнэ.

4.2.2. Албаны хувцас өмссөн үед албаны хувцасны мөрдэс, төмөр таних тэмдэг, сүүлд төгссөн сургуулийн энгэрийн тэмдэг, байгууллагын хүндэт тэмдэг, цэргийн мэргэжлийн зэргийн тэмдэг, одон, медалийн тууз, нэрийн тэмдэг, байгууллагын төмөр болон цэргийн байгууллагын болон анги, байгууллагын хатгамал ялгах тэмдгийг энэхүү дүрэмд заасны дагуу хэрэглэнэ.

4.2.3. Дулааны улиралд албаны хувцас, хэрэглэлийг /Хавсралт 1/ дараах заалтын дагуу өмсөж хэрэглэнэ:

Албаны саравчтай малгай: Албаны хувцас өмссөн тохиолдолд өмсөнө. Малгайн саравчны үзүүрийг хөмсөгний доод түвшинд дарж өмсөнө.

Дугуй малгай: Албаны хувцастай өмсөхдөө малгайн тэмдгийг зүүн хөмсөгний дээд талд голлуулж, малгайны доод хүрээ нь хөмсөгнөөс 1 см дээш, баруун гар тал руу дарж өмсөнө.

Албаны китель, өмд, юбка: Энэхүү дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасны дагуу өмсөнө. Эмэгтэй цэргийн алба хаагчийн өмд, юбкаг ахлах даргын шийдвэрээр жигдрүүлнэ.

Албаны хүрэм: Ёслол, хүндэтгэлийн ажиллагаанаас бусад цэргийн сургалт бэлтгэл, өдөр тутмын үйл ажиллагааны үед өмсөнө. Дулааны улиралд хээрийн богино ханцуйтай цамц /захгүй/ дээр, хүйтэн, сэрүүний улиралд ноосон цамцан дээр өмсөнө. Албаны хүрэм дээр албаны хувцасны мөрдэс, төмөр таних тэмдэг, нэрийн тэмдэг, цэргийн байгууллагын болон анги, байгууллагын хатгамал ялгах тэмдэг зүүж хэрэглэнэ. Дээд офицерын албаны хүрэмний зах дээр хатгамал чимэглэл байна.

Хавар, намрын хүрэм /кашемир/: Сэрүүн нөхцөлд дээд офицер хүзүүний бор ногоон ороолттой өмсөнө.

Савхин дээл: Сэрүүн нөхцөлд хүзүүний бор ногоон ороолттой, цегейк /каракуль/ захгүй өмсөнө.

Албаны цамц /богино ханцуйтай/: Зангиа зүүхгүй, дээд талын 1 дэх товчийг тайлж, одон, медалийн тууз, нэрийн тэмдэг, цэргийн байгууллагын болон анги, байгууллагын хатгамал ялгах тэмдэг, “Mongolia” /хагас дугуй/ хатгамал тэмдэгтэй, цамцны мөрдэс зүүж хэрэглэнэ.

Албаны цамц /урт ханцуйтай/: Албаны китель өмсөх тохиолдолд өмсөх ба ханцуйнд ялгах тэмдэг болон чимэг хэрэглэл зүүхгүй, кительгүй өмссөн үед зөвхөн цамцны мөрдэс, албаны зангиатай өмсөнө.

Албаны зангиа: Албаны зангиаг албаны урт ханцуйтай цамц өмссөн бүх тохиолдолд зүүж, цамцны дээрээс 4-5 дахь товчны дундуур зангианы хавчаар зүүнэ.

Зуны гутал: Офицер, ахлагч нар гоёлын оёдолгүй, хээгүй, хар арьсан, түрийгүй зуны гутал өмсөнө. Эрэгтэй цэргийн алба хаагчийн гутлын өсгийний өндөр 2,5 см, эмэгтэй цэргийн алба хаагчийн гутлын өсгийний өндөр 5 см, өсгийн доод хэсгийн өргөн 2-4 см байна.

Суран бүс: Цэргийн алба хаагч хээрийн хувцас, хэрэглэлтэйгээр үүрэг гүйцэтгэх үед хээрийн өмдөнд бүсэлж хэрэглэнэ. Тагнуулын байгууллагын цэргийн алба хаагч албаны хувцастай харуул, хамгаалалтын үүрэг гүйцэтгэхдээ бүсэнд бууны гэр болон бусад тусгай хэрэгсэл зүүх үед кителийн гадна талаар бүсэлнэ.

Өмдний тэлээ: Албаны өмд, юбка өмсөх бүх тохиолдолд хэрэглэнэ.

Даавуун оймс: Цэргийн алба хаагч хар өнгийн оймс хэрэглэнэ.

Борооны цув: Бороонд ашиглана.

4.2.4. Хүйтний улиралд албаны хувцас, хэрэглэлийг /Хавсралт 2/ дараах заалтын дагуу өмсөж хэрэглэнэ:

Өвлийн малгай: Генерал, хурандаа нар каракуль малгай, офицер, ахлагч нар цегейк малгайг хүйтний улиралд, албаны хувцас өмсөх бүх тохиолдолд өмсөнө. Өвлийн малгай өмсөж хэрэглэх үед урд доод ирмэг нь хөмсөгнөөс 1 см дээш түвшинд байна. Хэт хүйтэн үед өвлийн малгайг буулгаж өмсөх тохиолдолд бүчийг эрүүн доогуур, эсхүл малгайн ард бүчилнэ.

Савхин дээл: Генерал, хурандаа нар каракуль захтай, офицер, ахлагч нар цегейк захтай, салдаг дотортой савхин дээлийг албаны хувцас өмсөх бүх тохиолдолд, хүзүүний бор ногоон ороолттой өмсөнө.

Савхин дээл дээр хатгамал мөрдэснөөс өөр бусад төрлийн чимэг, хэрэглэл зүүхгүй. Дээд офицер хатгамал цолны тэмдэгтэй урт мөрдэс, офицер, ахлагч нар хатгамал цолны тэмдэгтэй савхин мөрдэстэй байна.

Ноосон цамц /ханцуйгүй/: Онцгой байдлын байгууллагын цэргийн алба хаагч албаны китель өмсөх үед хэрэглэнэ.

Савхин бээлий: Савхин бээлийг савхин дээл өмссөн үед байнга өмсөнө.

Хүзүүний бор ногоон ороолт: Хүзүүний бор ногоон ороолтыг савхин дээлний дотор талаар эрэгтэй цэргийн алба хаагч ороолтны зүүн талыг баруун талаар дарж, эмэгтэй цэргийн алба хаагч баруун талыг зүүн талаар дарж зүүнэ.

Өвлийн гутал: Эрэгтэй цэргийн алба хаагч гоёлын оёдолгүй, хээгүй, хар савхин, богино түрийтэй өвлийн гутал, эмэгтэй цэргийн алба хаагч гоёлын оёдолгүй, хээгүй, хар савхин, өвдөг хүрсэн урт түрийтэй өвлийн гутал өмсөнө. Эрэгтэй цэргийн алба хаагчийн гутлын өсгийний өндөр 3 см, эмэгтэй цэргийн алба хаагчийн гутлын өсгийний өндөр 5 см, өсгийн доод хэсгийн өргөн 2-4 см байна.

4.2.5. Дээд офицер албаны китель, савхин дээл дээр гар хатгамал цолны тэмдэгтэй албаны урт мөрдэс, ахлах, дунд офицер, ахлагч нар албаны китель дээр шар өнгийн төмөр цолны тэмдэгтэй албаны хувцасны мөрдэс, савхин дээл дээр савхин дэвсгэртэй шар өнгийн хатгамал цолны тэмдэгтэй савхин мөрдэс тус тус зүүнэ.

4.2.6.Офицер, ахлагчийн албаны хувцасны мөрдэс дээрх цолны тэмдгийн өнгө, хэлбэр, материал, хэмжээ, тоо, тэмдгийн төв болон туузны гол хоорондын зай, мөрдэсний хэмжээг энэхүү дүрмээр /Хавсралт 3, 4/ тогтооно.

4.3. Хээрийн хувцас /тусгай зориулалтын/-ыг өмсөж хэрэглэх

4.3.1. Хээрийн хувцсыг цэргийн алба хаагч хуульд заасан үндсэн болон бусад үүрэг гүйцэтгэх, олон улсын цэргийн ажиллагаанд үүрэг оролцох, цэргийн хээрийн сургууль, команд-штабын болон команд-штабын хээрийн сургууль, штабын дадлага, хээрийн ба дадлагын хичээлд бэлтгэх, удирдах, оролцох, байлдааны ажиллагаа, буудлага, жижүүрлэлт, хоногийн жижүүр, манаа, харуулын үүрэг гүйцэтгэх, цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага, командлалаас цэргийн анги, байгууллагад шалгалт, шалган туслах ажлаар явах үед өмсөнө.

4.3.2 Цэргийн сургуулийн сонсогч, гэрээт албаны болон хугацаат цэргийн алба хаагч цэргийн сургалт бэлтгэл, өдөр тутмын үйл ажиллагаанд хээрийн хувцсыг өмсөнө.

4.3.3. Дулааны улиралд хээрийн хувцас, хэрэглэлийг /Хавсралт 1/ энэхүү дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.3.1 дэх заалтаар тодорхойлсон тохиолдолд, дараах заалтын дагуу өмсөж хэрэглэнэ:

Хээрийн саравчтай малгай: Офицер, ахлагч, цэргийн сургуулийн сонсогч, гэрээт албаны болон хугацаат цэргийн алба хаагч хээрийн хувцас өмсөх бүх тохиолдолд өмсөж хэрэглэнэ.

Дугуй малгай: Малгайн тэмдгийг зүүн хөмсөгний дээд талд голлуулж, малгайны доод хүрээ нь хөмсөгнөөс 1 см дээш, баруун тал руу дарж өмсөнө.

Хээрийн зуны хүрэм, өмд: Офицер, ахлагч, цэргийн сургуулийн сонсогч, гэрээт албаны цэргийн алба хаагч хээрийн хувцас өмсөх бүх тохиолдолд өмдний шуумгийг гутлын түрийний гадуур тавьж өмсөнө. Хугацаат цэргийн алба хаагч битүү энгэртэй хүрэм өмдийг, өмдний шуумгийг гутлын түрийний дотор хийж өмсөнө. Хээрийн сургалт, дадлагын үед хүрэмний захыг босгож өмсөж болно.

Хээрийн хүрэм, өмд: Дулааны болон сэрүүний улиралд хээрийн хувцас өмсөх тохиолдолд өмдний шуумгийг гутлын түрийний гадуур тавьж өмсөнө. Хээрийн хувцасны мөрдэс, хээрийн малгайн соёмбо болон хээрийн хувцасны мөрдэсний цолны өнгө хар байна.

Хээрийн богино ханцуйтай цамц /захгүй/: Албаны хүрэм болон хээрийн хувцас өмсөх бүх тохиолдолд хувцасны дотор өмсөнө.

Хээрийн урт ханцуйтай цамц: Хээрийн хувцас өмсөх бүх тохиолдолд хувцасны дотор өмсөнө.

Хилийн цэргийн хээрийн богино ханцуйтай цамц: Дулааны улиралд хээрийн зуны хүрэм өмсөөгүй бүх тохиолдолд өмсөнө. Уг цамцыг өмссөн тохиолдолд дээд талын 1 дэх товчийг тайлж, хатгамал “МОНГОЛ УЛС” тэмдэг, нэрийн тэмдэг /хатгамал/ цэргийн байгууллагын болон анги, байгууллагын ялгах тэмдэг, хээрийн хувцасны мөрдэс зүүж хэрэглэнэ. Хээрийн богино ханцуйтай цамц өмссөн тохиолдолд дотуур цамц /зах, ханцуйгүй/ өмсөнө.

  • боомтын аюулгүй байдлыг хангах, журам сахиулах манааны бүрэлдэхүүнд томилогдон үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагч хээрийн богино ханцуйтай цамцыг өмдний дотуур хийж өмсөнө. Бусад тохиолдолд манжеттай цамц өмсөнө.

Зуны гутал /хагас түрийтэй/: Хээрийн хувцас өмсөх бүх тохиолдолд шар /хар/ өнгийн хагас түрийтэй зуны гутал өмсөнө.

Даавуун оймс: Хар өнгийн оймс өмсөнө.

Бүс: Суран бүсийг хээрийн хувцас өмсөх бүх тохиолдолд хэрэглэнэ. Офицер, ахлагч бүсэнд бууны гэр зүүх бол хээрийн хүрэм, өмдний гадна талаар бүсэлж хэрэглэнэ. Цэргийн гэрээт албаны цэрэг, хугацаат цэргийн алба хаагч битүү энгэртэй хүрэмний гадна талаар бүслэнэ.

Борооны цув: Офицер, ахлагч борооны цув, цэргийн сургуулийн сонсогч, гэрээт албаны болон хугацаат цэргийн алба хаагч майхан цув өмсөнө.

4.3.4. Хүйтний улиралд хээрийн хувцас, хэрэглэлийг /хавсралт №2-д заасан/ дараах заалтын дагуу өмсөж хэрэглэнэ.

Өвлийн малгай: Генерал, хурандаа нар каракуль малгай, офицер, ахлагч, сонсогч, гэрээт албаны цэрэг, цэргийн сургуулийн сонсогч цегейк малгай, хугацаат цэргийн алба хаагчид хиймэл үстэй малгайг хээрийн хувцас өмсөх бүх тохиолдолд өмсөнө. Өвлийн малгайны цохны доод ирмэг нь хөмсөгнөөс 1 см дээш түвшинд байх ба өвлийн малгайг буулгаж өмсөх тохиолдолд бүчийг эрүүн доогуур, эсвэл малгайн ард бүчилнэ.

Ноосон малгай: Ноосон малгайн зүүн талд “ЗЭВСЭГТ ХҮЧИН” гэсэн ширмэл бичилттэй “Офицер, ахлагч, гэрээт албаны цэрэг” хээрийн сургууль, дадлагын үед болон шаардлагатай тохиолдолд ахлах даргын шийдвэрээр өмсөнө.

Цегейк захтай, нэхий дотортой хээрийн өвлийн хүрэм: Офицер, ахлагч, цэргийн сургуулийн сонсогч /генерал, хурандаа нарт каракуль захтай/ хүрмийг хээрийн хувцас өмсөх бүх тохиолдолд саарал ороолттой өмсөнө.

Хээрийн хүрэм өмд: Бүх улиралд хээрийн хувцас өмсөх тохиолдолд өмсөж болно.

Хиймэл үстэй захтай, дулаан дотортой хүрэм: Цэргийн гэрээт албаны түрүүч, байлдагч, хугацаат цэргийн алба хаагч хиймэл үсэн захтай, дулаан дотортой хүрэмний гадуур суран бүс бүсэлж өмсөнө.

Дотортой хүрэм, өмд: Хугацаат цэргийн алба хаагч өдөр тутамд хиймэл үсэн захтай, дулаан дотортой хүрэмний дотуур суран бүсгүй өмсөнө. Дулаан хүрэм өмсөөгүй тохиолдолд дотортой хүрэмний гадуур суран бүсийг зүүнэ.

Ноосон цамц: Хээрийн болон албаны хүрэм өмсөх тохиолдолд хээрийн болон албаны хувцасны мөрдэстэй өмсөх, мөрдэстэй тохиолдолд дангаар нь албаны өмд дээр өмсөж болно.

Ноосон цамц /задгай энгэртэй/: Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хээрийн хувцастай өмсөнө.

Хүзүүний ороолт: Саарал өнгийн ноосон ороолтыг нэхий /зулхай/ дотортой хээрийн өвлийн хүрэмний дотор талаар эрэгтэй цэргийн алба хаагч ороолтны зүүн талыг баруун талаар дарж, эмэгтэй цэргийн алба хаагч баруун талыг зүүн талаар дарж зөрүүлэн хэрэглэнэ.

Савхин бээлий: Офицер, ахлагч нар хар өнгийн савхин бээлий өмсөнө.

Ноосон болон даавуун бээлий: Цэргийн сургуулийн сонсогч, цэргийн гэрээт албаны түрүүч, байлдагч, хугацаат цэргийн алба хаагч өвлийн хувцас өмссөн бүх тохиолдолд өмсөнө.

Өвлийн гутал /хагас түрийтэй/: Цэргийн алба хаагч хагас түрийтэй дотортой өвлийн шар /хар/ гутлыг хээрийн хувцас өмссөн бүх тохиолдолд хэрэглэнэ.

Ноосон оймс: Цэргийн алба хаагчид хар өнгийн оймс өмсөнө.

4.3.5. Офицер, ахлагч, цэргийн сургуулийн сонсогч, гэрээт албаны болон хугацаат цэргийн алба хаагч хатгамал цолны тэмдэгтэй даавуун мөрдэс зүүнэ.

4.3.6. Офицер, ахлагч, цэргийн сургуулийн сонсогч, гэрээт албаны болон хугацаат цэргийн алба хаагчийн хээрийн хувцасны мөрдэс дээрх цолны тэмдгийн өнгө, хэлбэр, материал, хэмжээ, тоо, тэмдгийн төв болон туузны гол хоорондын зай, мөрдэсний хэмжээг энэхүү дүрмээр /Хавсралт 3, 4, 5/ тогтооно.

4.4. Чимэг хэрэглэл зүүж хэрэглэх

4.4.1. Малгайн тэмдэг: Ёслолын, албаны саравчтай болон өвлийн малгайны урд цохны төвд, дугуй малгайнд зүүн хөмсөгний дээд талд голлуулж зүүнэ. Ёслолын малгайн тэмдгийг онцгой байдлын алба хаагч ёслолын саравчтай малгай, бүрх малгайнд хэрэглэнэ.

Агаарын цэргийн нисгэгч, нисэхийн инженер, техникийн бүрэлдэхүүн, шүхэрчид ёслолын, албаны саравчтай малгайны урд цохны дээд хэсэгт агаарын цэргийн малгайн ялгах тэмдгийг малгайн дээд хүрээнээс доош 3 мм зайд зүүнэ.

4.4.2. Цэргийн байгууллагын таних тэмдэг: Ёслолын, албаны китель, хээрийн хувцасны зүүн ханцуйны мөрний залгаа оёдлоос доош 120 мм зайд, богино ханцуйтай ёслолын, албаны цамцны зүүн ханцуйны мөрний залгаа оёдлоос доош 70 мм зайд тус тус тогтооно.

4.4.3. “Mongolia” хатгамал тэмдэг /хагас дугуй/: Цэргийн байгууллагын ялгах тэмдэгнээс дээш 10 мм зайд тогтооно.

4.4.4. Анги, байгууллагын ялгах тэмдэг /хатгамал/: Ёслолын, албаны китель, хээрийн хувцасны баруун ханцуйны мөрний залгаа оёдлоос доош 120 мм зайд, богино ханцуйтай ёслолын, албаны цамцны баруун ханцуйны мөрний залгаа оёдлоос доош 70 мм зайд тус тус тогтооно.

4.4.5. Саан зүүлт: Саан зүүлтийн дээд тогтоогчийг ёслолын кителийн баруун мөрний оёдолд тулгаж мөрдэсний доор, доод тогтоогчийг баруун энгэрийн бартааны ард тогтооно.

4.4.6. Анги байгууллагын ялгах тэмдэг /төмөр/: Албаны кителийн баруун дээд талын халаасны тагнаас дээд үзүүр нь 1 см зайд савхин суурин дээр зүүж хэрэглэнэ.

4.4.7. Нэрийн тэмдэг: Ёслолын, албаны китель, албаны хүрэмний баруун энгэрийн халаасны тагны дээр тулган зүүнэ. 80 мм урт, 15 мм өргөн /Зэвсэгт хүчин, Онцгой байдлын байгууллага, Дотоодын цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Тагнуулын байгууллага цэнхэр, Хилийн цэрэг ногоон/ суурин дээр кирилл үсгээр, олон улсын хамтарсан сургалт, дадлага, гадаад улсад сургууль дамжаанд суралцах, бусад арга хэмжээнд оролцох үед эцэг /эх/-ийн нэрийн эхний үсэг, нэрийг том латин дармал үсгээр тус тус 8 мм өндөр, цагаан өнгөөр бичсэн байна.

4.4.8. Таних тэмдэг /төмөр/: Төмөр таних тэмдгийг албаны китель, албаны хүрэмний захны бартааны дээд хэсэгт зүүнэ. Таних тэмдгийн төвөөс захны өнцөг хүртэлх зай 25 мм байна. Онцгой байдлын байгууллага ёслолын китель дээр таних тэмдэг зүүж хэрэглэнэ.

4.4.9. “Монгол Улс” тэмдэг /хатгамал/: Офицер, ахлагч, гэрээт албаны болон хугацаат цэргийн алба хаагч хээрийн хувцасны зүүн энгэрт оёж /нааж/ тогтооно. Энэ бичиглэлийг халаасны тагны уртын хэмжээтэй 23 мм өргөн суурь дээр, 18 мм өргөн, том кирилл дармал үсгээр бичсэн байна.

4.4.10. Цусны бүлэг тодорхойлсон тэмдэг: Тэмдгийг доод ирмэгийг хээрийн хувцасны зүүн ханцуйны халаасны дээд ирмэгт тулган 2,5 см өргөн, 7 см урт суурь дээр, латин дармал үсгээр цусны бүлгийн олон улсын ангиллаар /резус факторын хамт/ тодорхойлж бичнэ.

4.4.11. Нэрийн тэмдэг /хатгамал/: Офицер, ахлагч, гэрээт албаны болон хугацаат цэргийн алба хаагч хээрийн хувцасны баруун энгэрт халаасны тагны уртын хэмжээтэй 23 мм өргөн суурь дээр, 18 мм өргөн кирилл үсгээр, энхийг дэмжих ажиллагаа, олон улсын хамтарсан сургалт, дадлага, гадаад улсад сургууль дамжаанд суралцах, бусад арга хэмжээнд оролцох үед латин дармал үсгээр эцэг /эх/-ийн эхний үсэг, нэрийг бичсэн байна.

Тав. Одон, медаль, тэмдэг, тэдгээрийн тууз, энгэрийн тэмдэг зүүх

 

5.1. Ёслолын хувцас өмссөн үед одон, медаль, тэмдэг, тэдгээрийн тууз, нэрийн тэмдэгийг дараах заалтын дагуу зүүж, хэрэглэнэ:

5.1.1. Монгол Улсын одон, медаль, тэмдэгийг ёслолын кителийн зүүн энгэрт, захны бартааны өнцгийн түвшингээс эхлэн баруунаас зүүн тийш, төрөөс тогтоосон эрэмбийн дагуу эгнүүлж зүүнэ. Эгнээ хоорондын зай 5 мм байна.

Монгол Улсын баатрын “Алтан таван хошуу“, Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо“-ыг зүүн энгэрт бусад одон, медалиудын дээр нь зүүнэ. Гадаад улсын одон, медалийг өөрийн улсын одон, медалийн дараагаар үргэлжлүүлэн зүүнэ.

5.1.2. Одон, медаль, тэмдгийг энэхүү дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2 дахь хэсэгт заасан нөхцөлд зүүнэ. Ёслол-амралтын үед одон, медаль, тэмдгийн тууз зүүнэ.

5.1.3 Одон, медаль, тэмдгийн туузыг зүүхдээ доод ирмэг нь баруун энгэр дэх төгссөн сургуулийн энгэрийн тэмдгийн доод ирмэгийн түвшинд байхаар зүүн энгэрт голлуулан зүүнэ.

5.1.4. Монгол Улсын Яам, агентлагийн тэргүүний ажилтны тэмдгийг ёслолын кителийн баруун энгэрт сургуулийн энгэрийн тэмдэгтэй зэрэгцүүлэн зүүнэ.

5.1.5. Улс төрийн нам, олон нийтийн байгууллагын дурсгалын тэмдгийг цэргийн дүрэмт хувцас дээр зүүхгүй.

5.1.6. Хамгийн сүүлд төгссөн дотоод, гадаадын академи, их, дээд сургуулийн энгэрийн тэмдгийн доод ирмэгийг энгэрийн дээд товчны төвийн байрлалаас дээш 5 см зайд, баруун энгэрийг голлуулж зүүнэ. Анги, байгууллагын ялгах тэмдгийг /төмөр/ хэрэглэхгүй.

5.1.6.1 Хилийн цэргийн эмэгтэй офицер, ахлагч ёслолын болон албаны китель өмсөхдөө сүүлд төгссөн дотоод, гадаадын академи, их, дээд сургуулийн энгэрийн тэмдгийн дээд ирмэгийг захны бартаанаас доош 6 см зайд, баруун энгэрт голлуулан зүүнэ. Нэрийн тэмдгийг төгссөн сургуулийн энгэрийн тэмдгийн доод ирмэгт тулгаж голлуулан, нэрийн тэмдгийн доод ирмэгээс доош 1 см зайд анги, байгууллагын таних тэмдгийг зүүнэ.

5.1.7. Ардын болон гавьяат цол, Төрийн шагналын тэмдгийг баруун энгэрт бусад тэмдгүүдийн дээд талд зүүнэ.

5.2. Албаны хувцас өмссөн үед одон, медаль, тэмдэг, тэдгээрийн тууз, энгэрийн тэмдэгийг дараах заалтын дагуу зүүж, хэрэглэнэ.

5.2.1.Албаны китель, албаны хүрэм дээр одон, медаль, тэмдэг зүүхгүй. Зөвхөн албаны кителийн зүүн халаасны тагны дээд талд одон, медалийн туузыг тулгаж, голлуулан зүүнэ.

 

5.2.1.1 Хилийн цэргийн офицер, ахлагч одон, медалийн туузны доод ирмэгийг нэрийн тэмдгийн дээд ирмэгийн түвшинд зүүн энгэрт голлуулан зүүнэ.

5.2.2.Албаны китель дээр Монгол Улсын баатрын “Алтан таван хошуу”, Хөдөлмөрийн баатарын “Алтан соёмбо“-ыг зүүн энгэрт, одон, медалийн туузны дээд талд зүүнэ.

5.2.3. Хамгийн сүүлд төгссөн дотоод, гадаадын академи, их, дээд сургууль, коллеж төгссөн тэмдгийг баруун энгэрийн халаасны тагны дээд талд, халаасны товчийг голлуулан, доод үзүүрийг нэрийн тэмдэгт тулгаж зүүнэ. Энэ заалтыг иргэний их, дээд сургууль төгссөн цэргийн алба хаагч нэгэн адил дагаж мөрдөнө.

5.2.4. Ардын болон гавьяат цол, Төрийн шагналын тэмдгийг албаны кителийн баруун энгэрт төгссөн сургуулийн энгэрийн тэмдгийн дээд талд эгнүүлэн зүүнэ.

5.2.5.Төгссөн сургуулийн энгэрийн тэмдэгтэй зэрэгцүүлэн өөрийн салбарын эсвэл хамгийн сүүлд авсан салбарын тэргүүний ажилтны болон спортын мастерийн тэмдгийг зүүж болно. Бусад гадаад, дотоодын дамжаа, сургалт дүүргэсэн тэмдгийг сургуулийн энгэрийн тэмдэгтэй зэрэгцүүлэн зүүхгүй.

5.2.6.Анги, байгууллагын ялгах тэмдэг/төмөр/-ийг албаны кителийн баруун халаасны тагны доод үзүүрээс 1 см зайд, хар өнгийн савхин дээр унжуулж, мэргэжлийн зэргийн тэмдгийг зүүн халаасны тагны доод үзүүрээс 1 см-т голлуулж зүүнэ.

5.2.7. Одон, медаль, тэмдгийн туузыг Монгол Улсын одон, медаль, яам, агентлагийн даргаар баталгаажсан медаль, тэмдгийн тодорхойлолтод заасан өнгө загварын дагуу торгомсог даавуун материалаар хийлгэж хэрэглэнэ.

5.2.9. Одон, медаль, тэмдгийн туузыг дараах тогтоосон хэмжээнд зүүнэ.

- 1 ширхэг тууз 10*25 мм хэмжээтэй.

- 2 ширхэг зэрэгцээ тууз 10*25 мм хэмжээтэй, тууз тус бүр нь 1 мм хар туузан заагтай байна.

- 3 ширхэг зэрэгцээ тууз 10*25 мм хэмжээтэй, тууз тус бүр нь 1 мм хар туузан заагтай байна.

- 4 ширхэг зэрэгцээ тууз 10*25 мм хэмжээтэй, тууз тус бүр 1 мм хар туузан заагтай байна.

- 1-4 одон, медаль, тэмдгийг нэг эгнээ туузаар, 5-ыг дээд эгнээнд 4, доод эгнээнд 1-ээр, 6-г дээд эгнээнд 4, доод эгнээнд 2-оор, 7-г дээд эгнээнд 4, доод эгнээнд 3-аар, 8-г 4-өөр 2 эгнээгээр, 9-ийг 4-өөр 2 эгнээ, доод эгнээнд 1-ээр, 9-өөс дээш одон, медаль, тэмдгийг эгнээ бүрт 4, бусдыг доод эгнээнд голлуулж зүүнэ. 20-оос дээш одон, медаль, тэмдэгтэй бол тогтоосон эрэмбийн дагуу эхний 20-г 5 эгнээгээр зүүнэ, 5-аас дээш эгнээгээр зүүхийг хориглоно.

 

Зургаа. Бусад

6.1. Эмэгтэй цэргийн алба хаагч үсээ мөрнөөс дээш шууж, хар өнгийн боолтоор бооно.

6.2. Эмэгтэй цэргийн алба хаагч дулааны улиралд биеийн өнгөтэй, хээ чимэглэлгүй нимгэн оймс /трико/, хүйтний улиралд хар өнгийн ноосон өмд /трико/ өмсөнө.

6.3. Нэгдсэн ажиллагаанаас бусад үед этгээд чамин хийц, өнгө, хэлбэргүй, зөвхөн нар, салхи, шорооноос хамгаалсан нүдний шил зүүхийг зөвшөөрнө.

6.4. Ёслол нэгдсэн ажиллагаанд оролцох үед захирагч, даргын зөвшөөрлөөр цэргийн хувцсанд саан зүүлт, ёслолын бээлий, ёслолын саан бүс зүүж, хэрэглэж болно.

Долоо. Хориглох зүйл

7.1. Цэргийн цол, ялгах тэмдэг, дүрэмт хувцсыг бусад байгууллага, иргэн хэрэглэх, тэдгээрийн загварыг ашиглахыг хориглоно.

7.2. Цэргийн дүрэмт хувцас хэрэглэх үед цэргийн алба хаагчид дараах зүйлийг хориглоно:

  1. 7.2.1.Нормт хангалтаар олгосон цэргийн дүрэмт хувцас, тусгай зориулалтын хэрэгслийг бусдад шилжүүлэх, бэлэглэх, хэрэглүүлэх, түрээслэх, худалдах;
  2. 7.2.2.Цэргийн дүрэмт хувцасны өнгө, загвар, стандартыг өөрчлөх;

            7.2.3.Ёслолын, албаны, хээрийн, тусгай зориулалтын, хөдөлмөр хамгааллын хувцсыг өөр хооронд нь буюу энгийн хувцастай хольж өмсөх;

7.2.4. Гадаад улсын цэргийн дүрэмт хувцас өмсөж, хэрэглэх;

7.2.5. Үс, хумсыг хурц, тод өнгөөр будах, үсийг дух, нүд, шанаа, хацар, мөр дагуу унжуулах, этгээд маягаар засуулах;

7.2.6. Хүний анхаарал татахуйц гинж, хэт том, урт, т?

Холбоотой мэдээ
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР УЛИРАЛД
Нийтэлсэн: 2022-12-28 10:22:30 Үзсэн: 384