• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ХҮЧ ТЭНЦВЭРГҮЙ” ДАЙН, ЗЭВСЭГТ МӨРГӨЛДӨӨНИЙ ТУХАЙ
Нийтэлсэн: 2021-01-20 18:05:18
Үзсэн: 407

“ХҮЧ ТЭНЦВЭРГҮЙ” ДАЙН, ЗЭВСЭГТ МӨРГӨЛДӨӨНИЙ ТУХАЙ
Нийтэлсэн: 2021-01-20 18:05:18 Үзсэн: 407



Эмхтгэсэн хошууч генерал Р.Сүхбат2020 оны 12 дугаар сарын 10

Орчин үед олон улсын цэргийн шинжээчид хүч тэнцвэргүй дайн, зэвсэгт мөргөлдөөний тухай өөрсдийн судалгаа, шинжилгээг үндэслэн онол, практикийн нийтлэл, харьцуулсан материал, туршлага сургамжийг бэлтгэж хэлэлцүүлэх замаар дайн, зэвсэгт тэмцэл явуулах үзэл баримтлал, цэргийн урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлохыг эрмэлзэж байна. Өнөөдөр дэлхийд оршин тогтнож буй улс орнуудын хөгжлийн тэнцвэртэй биш байдал нь аливаа сөргөлдөгч талуудын хувьд хүч тэнцвэргүй байдлыг нөхцөлдүүлж байгаа бөгөөд энэхүү байдал нь зөвхөн дайн, зэвсэгт мөргөлдөөний талбар дээр бус, бусад үйл ажиллагаануудад ч ажиглагдах болсон. Энэ цаг үед хамгийн асуудал дагуулсан зөрчилдөөний нэг нь дэлхийн аль нэг том, хүчирхэг гүрний зүгээс өөрөөсөө хүч чадал, боломжоор илт сул, хэн нэгний эсрэг зэвсэгт тэмцэл хийх явдал болж байна. Зарим тохиолдолд энэхүү хамаарал нь урвуу байх ч асуудал байна. Ийм нөхцөлд явагдаж буй дайн, зэвсэгт мөргөлдөөний олон жишээг дурьдаж болох бөгөөд эдгээр нь “хүч тэнцвэргүй” дайн, зэвсэгт мөргөлдөөний шинж чанарыг агуулж байгаагаараа онцлогтой юм. АНУ-ын Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан У.Коэн 2000 онд энэ тухай хэлсэн үгэндээ “Өнөөгийн байдлаар өөрийн гэсэн онцлог бүхий дэлхийн хүчирхэг том гүрэн” бий болсон тухай тэмдэглэж, нэг ч улс орны зүгээс АНУ-г цэргийн хүчээр шууд заналхийлж чадахгүй, гэхдээ “хүч тэнцвэргүй” цэргийн ажиллагаа явуулах замаар АНУ-ын аюулгүй байдалд шууд бус аюул, заналхийлэл учруулж болзошгүй юм гэж дурдсан байдаг. Тухайлбал, энэ нь биологи, хими, цөмийн зэвсэг буюу үй олноор хөнөөх зэвсэг хэрэглэх аюул өнөөг хүртэл хадгалагдаж байгааг нийтэд сануулсан явдал юм. Энэхүү үзэл санаа нь АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хангах тухай ихэнх номлол, үзэл баримтлал зэрэг бодлогын баримт бичгүүдэд тусгалаа олсон байна. Дээр дурдсанчлан аливаа сөргөлдөгч талуудын хүч султай тал нь аль нэг хүчирхэг, том гүрний эсрэг тэр дундаа тэдний нутаг дэвсгэрийг ашиглан зориудаар эсвэл зайлшгүй нөхцөл байдлаар ямар нэгэн ажиллагааг явуулах тохиолдол гарч байдаг. Үүний тод жишээ нь 2001 оны 09 дүгээр сарын 11-нд Нью-Йорк болон Вашингтон хотуудад хийгдсэн алан хядах зорилготой агаарын халдлага юм. Гэхдээ XXI зууны эхэнд явагдсан болон одоогоор явагдаж байгаа дайн, зэвсэгт мөргөлдөөний агуулга, шинж чанар, өрнөлийн явц, байдалд дүгнэлт хийхэд аливаа зэвсэгт мөргөлдөөнд сөргөлдөгч талууд хэн нь хүчээр давамгайлах, хэн нь хүчээр сул байхаас үл хамааран талуудын аль аль нь “хүч тэнцвэргүй”, цэргийн ажиллагааг нээлттэй болон нуугдмал хэлбэрээр явуулж байна гэж үзэх үндэслэл байгаа юм. Ийм жишээнд 2011 онд УАГБ-гын зүгээс эвслийн цэргийн хүчийг ашиглан Ливи Улсын эсрэг явуулсан цэргийн ажиллагаа, Сири Улсад 2011 оноос хойш үргэлжилж буй улс доторх олон үндэстэн, угсаатны мөргөлдөөний явцад дэлхийн том гүрнүүдийн явуулж буй цэргийн ажиллагааг хамруулж болох юм.

Эдийн засаг, цэргийн хүч чадавх өндөртэй орнуудын зүгээс буурай хөгжилтэй, хүч чадлын хувьд сул орнуудад далд хэлбэрээр ихэвчлэн үзүүлдэг эдийн засгийн болон бусад дэмжлэг, тусламж нь “хүч тэнцвэргүй” цэргийн ажиллагааны зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Ийм жишээнд алан хядах, салан тусгаарлах үйл ажиллагаа явуулах, зөрчилдөөн бүхий улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцох, аливаа улсын сөрөг хүчинд далд хэлбэрээр үзүүлэх дэмжлэг, тусламж, санхүүжилт зэргийг (санхүүгийн, цэрэг-техникийн, мэргэжлийн зааварчилгааны, мэдээллийн) дурдаж болох юм. Мөн цэргийн хүчийг ашиглан “хүч тэнцвэргүй” дайн, зэвсэгт мөргөлдөөнийг өдөөх замаар өөрсдийн зорилгоо биелүүлэх тохиолдол ч гарч байна. Үүний тод жишээг АНУ тэргүүтэй УАГБ-ын нэгдсэн цэргийн эвсэл Ливи Улсыг түрэмгийлсэн үйл явдлаас харж болох юм. Тухайлбал ийм жишээнд түрэмгийлэл ил болохоос өмнө хийгдсэн Америк, Их Британи, Итали, Франц улсуудын тусгай хүчний нэгдсэн ажиллагаа, сөрөг хүчнийг сургах, түүнд цэрэг-техникийн хангалт үзүүлэх, мэдээлэл, сэтгэл зүйн ухуулах ажиллагаа явуулах, сөрөг хүчний үйл ажиллагааг АНУ, УАГБ-ын эвслийн цэргийн ажиллагаатай уялдуулах зэрэг ажиллагаануудыг багтааж болох юм. Гэхдээ мэдээллийн ухуулах ажиллагаа явуулахад шаардагдах зардал, хүрэх үр дүнгийн нөлөө нь уламжлалт цэрэг-хүчний оролцоотойгоор дайн, зэвсэгт тэмцэл хийхтэй харьцуулахад илүү ашигтай гардаг гэдгийг тооцох шаардлагатай байна. XXI зуун гарсаар дэлхий дээр явагдсан ба явагдаж буй бүс нутгийн, орон нутгийн чанартай дайн, зэвсэгт мөргөлдөөний туршлага, сургамжаас харахад сөргөлдөгч том гүрнүүд нь тухайн мөргөлдөөнд өөрийн улс төрийн болон цэрэг-стратегийн зорилгоо биелүүлэхийн тулд “улс биш тоглогч”-дыг далд хэлбэрээр татан оролцуулж, тэдгээрийг өөрсдийн зорилгод нийцүүлэн ашиглах хандлага давамгайлах болсон.

Ийм хэлбэрийн байгууллага, бүлэглэлүүдийн үйл ажиллагаа нь илт “хүч тэнцвэргүй” цэргийн ажиллагааны өнгө аястай байх ба ажиллагааны үндсэн чиглэл, тэдгээрийн хоорондын зохицуулалт, хэрэгжилт, хангалт зэргийг нь хэн нэгэн далдаас удирдан, зохион байгуулж байдаг гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм. Товчхон хэлбэл “хүч тэнцвэргүй” цэргийн ажиллагаа гэдэгт сөргөлдөгч талуудын хүч тэнцвэргүй байдал (бүх төрлийн нөөц, цэрэг, армийн зэвсэглэл, техник, технологийн хангалтын байдал, байлдааны ажиллагааны туршлага, ур чадвар г.м.)-д аль нэг тал нь өрсөлдөгч талын давуу, хүчтэй байдлыг өөрийнх нь эсрэг ашиглах, зэвсэгт мөргөлдөөн эхлэх үеийн хүчний тэнцвэргүй байдлыг саармагжуулах зорилгоор уламжлалт болон уламжлалт бус цэргийн ажиллагаа явуулах, бусад арга, хэлбэрийг ашиглан дайны бус арга хэмжээг авч хэрэгжүүлэх зэргийг хамруулан ойлгож болох юм. 2001 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн үйл явдлын дараагаас АНУ-д олон улсын терроризмыг тодорхойлохдоо алан хядагчдын зүгээс үй олноор хөнөөх зэвсэг хэрэглэх аюул, заналхийлэл бодитоор оршиж байна гэж үзэн, “хүч тэнцвэргүй заналхийлэл” гэсэн шинэ нэр томьёог хэрэглэх болжээ.

Энэ хандлага нь өөрийн гэсэн үндэслэлтэй юм. Учир нь олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн үйл ажиллагаа явуулснаа, мөн “тусгаар улсын эсрэг түрэмгийлэл үйлдэх” гэсэн зүйл ангид хамаарах асуудлын хүрээнд цэргийн хүч хэрэглэсэн тухайгаа “хүлээн зөвшөөрөх” нь аливаа улс оронд ашиггүй байдлыг бий болгодог. Тийм ч учраас дэлхийн нөлөө бүхий орнуудын улс төр-цэргийн удирдлагын зүгээс өөрт таалагдаагүй зарим улс орнуудыг түрэмгийлэгч гэж нэрлэх, дуулгаваргүй орнуудын жагсаалтад хамруулах, терроризмыг дэмжсэн үйл ажиллагаа явуулсан мэтээр гүтгэх, түүнчлэн зарим улс орнуудын удирдагч нарт “террорист” хэмээх нэр хоч зүүх зэргээр буруутгаж, тэдний эсрэг явуулж буй өөрсдийн үйл ажиллагааг зөвтгөх оролдлого хийх замаар олон улсын эрх зүйн хэм хэмжээг тойрон гарах арга замыг эрэлхийлэх болжээ. Ийм тохиолдолд ихэвчлэн хүчтэй нь хүчгүйгийн эсрэг цэргийн хүч хэрэглэх замаар зорилгоо биелүүлэхийг эрмэлзэж, дараа нь цэргийн хүч хэрэглэсэн асуудлаа зөвтгөхийн тулд улс төрийн мэдэгдэл гаргаж, бусад үйл ажиллагааг нуугдмал байдлаар зохион байгуулдаг. Хүч тэнцвэргүй ажиллагаанууд нь аливаа улс, үндэстний аюулгүй байдлын орчинд нөлөөлөл үзүүлж, улмаар шийдвэрлэхэд бэрхтэй хүндрэл үүсгэдэг тулгамдсан асуудлуудын нэг юм гэдгийг дэлхийн аль ч улс орон хүлээн зөвшөөр ч байна. “Хүч тэнцвэргүй заналхийлэл” болон “хүч тэнцвэргүй ажиллагаа”-г зорилго, үүрэг, оролцож буй талуудын байдал зэргээс шалтгаалан дотор нь ангилж, судлах нь чухал юм. Ингэж ангилахын учир нь “хүч тэнцвэргүй ажиллагааны” зорилго, зорилтууд нь өөр өөрийн гэсэн онцлогтой явагддагт оршино. Тухайлбал ийм мөргөлдөөний явцад хүчээр илт сул тал нь сөргөлдөгч талын зүгээс үзүүлж буй дарамт, шахалтыг тэсвэрлэн гарах зорилгын төлөө байдаг бол хүчээр илт давуу тал нь сөргөлдөгч талын амин чухал ашиг сонирхлыг хөндөхгүйгээр, тодорхой нэг буюу хэд хэдэн зорилгыг хэрэгжүүлэх тохиолдол ч байдаг.

“Хүч тэнцвэргүй заналхийлэл”-ийн эрсдэлийн үнэлгээг урьдчилан тооцохдоо геополитик дахь хөгжлийн тодорхойгүй байдал, бүс нутаг дахь цэрэг-улс төрийн нөхцөл байдлын өөрчлөлт, тухайн улс орны гадаад болон батлан хамгаалах бодлого, тогтворгүй байдал үүсгэж байгаа хүчин зүйл зэргийг харгалзан үзэх шаардлагатай байдаг. Хэдий урт хугацааг хамарсан урьдчилан тооцоо гаргана төдий чинээ цэргийн болон цэргийн бус аюул, заналхийлэл тэр дундаа “хүч тэнцвэргүй заналхийлэл”-ийн эх үүсвэр тодорхойгүй байх эрсдэлийг дагуулж байдаг бөгөөд энэ нь ирээдүйд аливаа цэргийн ажиллагаа явуулах арга, түүний бүтэц, агуулгыг тодорхойлох, үр дүнг тооцоход хүндрэл үүсгэдэг. Олон улсын цэргийн шинжээчдийн үзэж байгаагаар “хүч тэнцвэргүй заналхийлэл” бодит байдлаар хэрэгжсэн тохиолдолд аливаа сөргөлдөгч талуудын цэргийн хүч саармагжих, их хэмжээгээр сулрах аюулыг бий болгох эрсдэлтэй юм. Энэ байдал нь, мэдээж “хүч тэнцвэргүй заналхийлэл”-ийн хэрэгжих, орчин цагийн зөрчилдөөний явцад хэн нэг нь ялагдал хүлээх магадлалыг нэмэгдүүлэх боломжтой юм. Учир нь тэдний улс төрийн тогтолцоо, эдийн засаг, ард иргэд болон зэвсэгт хүчин хамгийн эхэнд цохилтод өртөх магадлалтай юм. Ийм төрлийн аюул, заналхийлэл кибер орон зайг ашиглан боломжит сөргөлдөгчийн зүгээс орж ирэх магадлал хамгийн өндөр байгааг шинжээчид мөн онцолжээ.

Иймдээ ч кибер аюулгүй байдлын асуудал дэлхийн ихэнх орны үндэсний аюулгүй байдлыг хангах үзэл баримтлалын баримт бичигт тусгагдсан байдаг. Тухайлбал АНУ-ын судлаачид өөрийн улсын үндэсний аюулгүй байдалд учирч болох “хүч тэнцвэргүй заналхийлэл”-ийн магадлал нь хямралын янз бүрийн түвшинд ямар байх вэ? гэдгийг судалгаагаар тогтоожээ. Тэдний үзэж буйгаар АНУ-ын үндэсний аюулгүй байдалд сорилт болж болох “хүч тэнцвэргүй заналхийлэл” нь дараах хямралын нөхцөл байдлуудад хэрэгжих магадлал өндөр ажээ. Үүнд:

- цэрэг-улс төрийн нөхцөл байдал хурцдах;

- аливаа дайн, цэргийн зөрчилдөөнд АНУ-ын Зэвсэгт хүчнийг оролцуулах тухай шийдвэр гаргах;

- байлдааны ажиллагааны театрт стратегийн дэлгэн байгуулалт хийх;

- зөрчилдөөний бүс нутагт цэргийн ажиллагаа явуулах зэрэг асуудлууд багтаж байна. Мөн энхийн цагт АНУ-д “улс биш тоглогчид”-ийн зүгээс хамгийн их аюул, заналхийлэл учруулж болох тухай дурдаад, бусад улс орнуудын зүгээс АНУ-д “хүч тэнцвэргүй заналхийлэл”-ийг мэдээлэл-сэтгэл зүйн салбарт болон кибер орчинд учруулах магадлал хамгийн их байгааг тодотгожээ. Энэ бүгдээс товч дүгнэлт хийхэд энхийн цагт аливаа улсын үндэсний аюулгүй байдалд учирч болзошгүй “хүч тэнцвэргүй” өнгө аяс бүхий аюул, заналхийлэл нь аль нэг улсын цэрэг-улс төрийн удирдлага, ард иргэд болон Зэвсэгт хүчний удирдлага, бие бүрэлдэхүүнд мэдээлэл сэтгэл зүйн нөлөө үзүүлэх олон улсын террорист байгууллагуудын зүгээс явуулж буй халдлага, дайралт; үндэстэн дамнасан гэмт хэргийн бүлэглэлүүдийн үйл ажиллагаа; кибер орчин дахь олон улсын мэдээллийн хууль бус байгууллагуудын үйл ажиллагаа зэргээр дамжин илэрч болох юм. Дайн, зэвсэгт тэмцлийн явцад цөмийн зэвсэг бүхий улс орнуудын зүгээс зөрчилдөөнийг өөрийн талд ашигтайгаар шийдвэрлэх зорилгоор мөргөлдөөний төгсгөлийн шатанд цөмийн зэвсэг хэрэглэж болзошгүй заналхийлэл нь дэлхийн болон бүс нутгийн улс төр, нийгмийн тогтолцоо, цэргийн хүчний харьцаа, газар нутгийн бүрэн бүтэн байдалд өөрчлөлт оруулах нөхцөлийг бүрдүүлэх магадлалтай юм. Түүнчлэн үндэстний, шашны цэргийн зохион байгуулалт бүхий бүлэглэлүүд, тусгай хүчин, хэт даврагч бүлэглэлүүдийн явуулж буй салан тусгаарлах ажиллагаа, хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийн зүгээс явуулж буй уламжлалт бус цэргийн ажиллагаа зэрэг нь байнгын аюулыг дагуулж байна. Иймд өөрөөс хүчээр илт сул өрсөлдөгчийн эсрэг дайн, зэвсэгт мөргөлдөөнд байнга ялалт байгуулна гэсэн баталгаа үгүй ажээ.

ХҮЧ ТЭНЦВЭРГҮЙ БАЙДАЛ ЦЭРГИЙН ХЭРЭГТ НӨЛӨӨЛӨХ НЬ

ОХУ-ын цэргийн тэргүүлэх зэрэглэлийн эрдэмтэн цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, дэслэгч генерал Сергей Васильевич Чварков, цэргийн шинжлэх ухааны доктор, доцент, хурандаа Александр Алексеевич Селиванов нарын бичсэн асуудал дэвшүүлсэн нийтлэлийг та бүхний албан хэрэгцээнд зориулан орчуулан хүргэж байна. Дайн нь үзэгдэл болохын хувьд олон мянган жилийн туршид хүн төрөлхтний оюун ухаанд хадгалагдан ирсэн байдаг. Энэ бүгдийг харгалзахгүйгээр, нийгмийн хөгжлийн хэмжүүрээр, технологийн ба эд материалын шинэ шинэ шийдлүүд бий болсноор, үйлдвэрлэлийн хэрэгсэл шинэчлэгдэхийн хэрээр нийгмийн амьдралын төрөл бүрийн давхаргын хооронд зөрчилдөөн үүсдэг бөгөөд зарим нэг ийм зөрчилдөөнүүд нь хурцадсан тохиолдолд тэдгээрийг ямар нэгэн аргаар шийдвэрлэх зайлшгүй нөхцөл үүсдэг. Зөрчилдөөн ширүүсэхийн хэрээр нийгмийг бүрдүүлэгч олон нийт, хүмүүсийн оюун санаа, ухамсар, ертөнцийг үзэх үзэлд гүн гүнзгий өөрчлөлт явагдах бөгөөд энэ нь нийгмийн тогтолцооны тодорхой хэсэгт буюу бүхэлд нь өөрчлөлт хийх шаардлагыг нөхцөлдүүлж байдаг. Хэзээ аливаа улс орнууд болон тухайн орон, нийгэм, олон улсын тавцанд нөлөө бүхий дурын тоглогч нарын хооронд үүссэн ийм хурц хэлбэрийн зөрчилдөөн нь даамжирч, аюулыг бий болгосноор нийгмийн бүхий л хүрээг хамарч, улмаар дайн, зэвсэгт мөргөлдөөн гарах нөхцөлийг бүрдүүлдэг байна. Мэдээллийн технологи хөгжихийн хэрээр түүний ололт төр, нийгмийн амьдралын бүхий л үйл ажиллагаанд өргөнөөр ашиглагдахын зэрэгцээ улс төр, эдийн засгийн салбараас гадна цэргийн салбарт улам ихээр нөлөөлөх болж байна. Үнэн хэрэгтээ мэдээллийн технологи нь зэвсэгт тэмцлийг явуулах хэрэгсэл, тэдгээрийг хэрэглэх арга, хэлбэрт явагдаж буй өөрчлөлт, хувиргалт болон цэргийн хэрэгт гарч буй хөгжлийн хөдөлгөгч хүч өөрөөр хэлбэл бүхнийг араасаа дагуулагч “бух тэрэг”-ний үүргийг гүйцэтгэх болж байна.

Гэхдээ шинээр бүрдүүлсэн мэдээллийн технологийн давуу байдал нь цэргийн ажиллагаа ба бүхэлд нь дайнд ялалт байгуулах үндсэн үүргийг дангаар шийдвэрлэж чадахгүй юм. Энэ нь орчин үеийн мэдээллийн технологийн тухай “....сүлжээ төвт зарчимд суурилсан дайн, зэвсэгт тэмцэл явуулах арга нь орчин үеийн байлдаан /тулаан/-ы үндсэн хүндрэлийг өөрийн талд ашигтайгаар шийдвэрлэх хэрэгсэл юм гэж үздэг” хүмүүсийн номлол төгс биш гэдгийг баталж байгаа юм. Түүхэнд хэзээ ч, хэн ч зэвсэгт тэмцэлд зөвхөн ганц тагнуул, удирдлагын хэрэгслийн давуу тал, технологийн ололтыг ашигласнаар өөртөө ялалтыг авчирч байгаагүй билээ. Ялалт нь зэвсэглэл, техник, тэдгээрийг ашиглаж буй хүмүүсийн хүчээр бий болдог бөгөөд мэдээллийн технологи нь зэвсэглэл, техникийг хэрэглэх тааламжтай байдлыг бүрдүүлж, үүрэг гүйцэтгэх боломж, бололцоог нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаад түүний мөн чанар оршиж байна.

АМЖИЛТЫН ҮНЭ ЦЭН

АНУ тэргүүтэй дэлхийн хөгжингүй орнуудын зүгээс эдийн засаг, цэргийн ба технологийн чиглэлд бий болгож чадсан үнэмлэхүй давамгайллын нөхцөл, боломжоо ашиглан XXI эхнээс эхлэн өөрсдийн “шаардлага”-ыг хүн төрөлхтөнд тулгах, “зааварчлах” ажиллагааг явуулж ирсэн билээ. Гэвч сүүлийн жилүүдэд тэдний иймэрхүү “зааварчилгаа” нь дэлхийн гол тоглогч гүрэн болох эрмэлзлийг нь үл ойшоогч улс орнуудын ашиг сонирхолтой улам ихээр зөрчилдөх болсон. Ийм улсуудын тоонд энх амгалан гадаад бодлогыг эрхэмлэн, дэлхийд тэргүүлэх байр суурийг эзлэхийн төлөө өрсөлдөхгүйг эрмэлзэхийн зэрэгцээ өөрийн гео улстөрийн болон холбоотнуудынхоо ашиг сонирхлыг чадварлагаар хамгаалж буй ОХУ, БНХАУ-ыг оруулж болох юм. ОХУ ба БНХАУ-ын аль аль нь алсыг эрхэмлэсэн бодлого явуулж, зэвсэглэлээр хөөцөлдөхгүй байхыг эрмэлзэхийн зэрэгцээ тэдгээр нь батлан хамгаалах хэрэгцээндээ АНУ-ынхаас хэд дахин бага төсвийг зарцуулж байгаа билээ. ОХУ ба Хятад улсын хэрэгжүүлж буй хориглон хамгаалах зориулалт бүхий зэвсэглэлийг бүтээх, тэднийг цэргийн хэрэгт нэвтрүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт, Зэвсэгт хүчний шинэчлэл, дэлхий дээрх түрэмгийллийн аюул, заналхийллийг зайлуулах чиглэлээр явуулж байгаа бодлого нь АНУ тэргүүтэй эвслийн орнуудын дэмжлэгийг төдийлэн авч чадахгүй байгаа хандлага ажиглагддаг. Үүний тод нотолгоог АНУ болон түүний холбоотнуудын байгуулсан дэлхийг хэрсэн цэргийн баазуудын тооноос харж болох бөгөөд эдгээр баазууд нь байрлаж буй орнууд, тэдгээрийн ойр орчмын улсуудын амгалан тайван байдал, хөгжилд нөлөөлөхүйц хэмжээний аюул, заналхийллийг нөхцөлдүүлж байгаа нь худал биш юм. Эдгээр цэргийн баазад байрлаж байгаа цэргийн хүч нь өөрийн зориулалтаараа аялан байлдах үүрэг хүлээдэг бөгөөд бага идэвхжил бүхий хязгаарлагдмал цэргийн ажиллагаа явуулахад зориулагдсан байдаг.

БАЙЛДААНЫ АЖИЛЛАГАА ДАХЬ ХҮЧ ТЭНЦВЭРГҮЙ БАЙДАЛ

Сүүлийн үед бага идэвхжилт бүхий цэргийн ажиллагаанд уламжлалт бус хэлбэрийн ба хүч тэнцвэргүй цэргийн ажиллагаануудыг хамааруулан үзэж байна. Ийм учраас энэ хэлбэрийн цэргийн ажиллагаа явуулах хүч хэрэгслийг хэрэглэх арга, хэлбэрийг онолын болон практик ажиллагааны явцад судлах асуудал нь цэргийн урлагийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. Түүнчлэн хүч тэнцвэргүй байдал нь цэргийн хэрэгт хэрхэн нөлөөлж, түүний хөгжилд ямар байр суурийг эзэлж байгаа талаарх судалгааны ажил хангалттай түвшинд хийгдэхгүй байгаа юм. Хүч тэнцвэргүй дайн, зэвсэгт тэмцэл явуулах энэхүү арга нь хүн төрөлхтний оршин байгаа түүхийн туршид өмнөх олон удаагийн дайн, тэмцэлд хэрэглэгдсээр ирсэн байдаг. Дайн, зэвсэгт тэмцлийн тухай байгалийн хууль нь сөргөлдөгч талуудын хувьд ямар ч нөхцөлд тэгш хэмт тэмцэл явуулах боломжийг олгодоггүй байна. Иймээс аль ч тохиолдолд цэргийн ажиллагааны явцад хүч тэнцвэргүй байдал ямагт хадгалагдсаар ирсэн байдаг. Энэхүү байдал нь цэргийн ажиллагаа явуулж буй стратеги, тактикийн ялгаатай байдал, түүнд зарцуулж байгаа хүч хэрэгсэл, нөөц, ажиллагааны зорилго, үүрэг, тэмцэлдэгч талуудын зэвсэглэл, техник, технологийн хангалт, тэдгээрийн бэлэн байдал болон бусад хүчин зүйлээр тодорхойлогдоно.

Өнөөгийн нөхцөлд хүч тэнцвэргүй ажиллагааны зарчмуудыг ухаалгаар ашиглаж байгаа явдал нь цэргийн урлагийн практик түвшинг олон талаас нь тодорхойлох боломжийг олгож байна. Нэгэн цагт Английн цэргийн хурандаа Т.Э.Лоуренс тухайн үеийн Арабын цэргийн удирдлагад бичсэн илтгэлдээ “Ихэнх дайн, зэвсэгт мөргөлдөөн эсрэг талтайгаа байнгын нүүр тулгарсан нөхцөлд явагдахыг шаарддаг. Бидний явуулах энэ дайн нь эсрэг талаас тусгаарлагдсан нөхцөлд явагдах ѐстой. Учир нь бид энэ их үл танигдах цөлийн чимээгүй аюулыг ашиглан тэднийг тогтоон барих замаар өөрсдийн дайралт хийх тэр мөчийг нууцлах нь зүйтэй юм. Энэхүү дайралт нь нэр төдий биш, харин мөн чанарын хувьд, туркийн дайчдыг устгахаас илүүтэйгээр тэдний ар тал, материал хэрэглэлийн хангалтыг тасалдуулахад чиглэгдэж, манай дайсны хамгийн эмзэг цэгийг олох...., Туркийн талын төмөр зам, гүүр, их буу, пулемѐт зэргийг устгахад чиглэгдсэн байх хэрэгтэй. Дайсны материал хэрэглэлтэй тэмцэх нь түүний амьд хүчтэй тэмцэхээс хялбар юм. Бид тэднээс тоогоор цөөн бөгөөд харьцангуй сул зэвсэглэгдсэн, ийм учраас бид их хэмжээний хохирол хүлээж болохгүй...” гэж бичиж байжээ. Ийм төрлийн ажиллагаа нь аргагүйдсэн нөхцөлд явагдах цэргийн уламжлалт биш аргад хамаарах бөгөөд иймэрхүү хүч тэнцвэргүй ажиллагааны тухай олон олон жишээ, баримтын гол эх үүсвэр нь түүх өөрөө болж байна.

Гэвч, энэ бүгдийг харгалзахгүйгээр, “хүч тэнцвэргүй” хэмээх нэр томьёог 1990-ээд оны төгсгөлөөс эхлэн цэргийн шинжлэх ухаанд хэрэглэж эхэлсэн байдаг. XX зууны төгсгөл XXI зууны эхэн үеэс техник, технологийн хувьд харилцан адилгүй, зарчмын хувьд харьцангуй өөр бүтэц, зохион байгуулалттай цэргийн хүчийг хэрэглэн явуулж буй дайн, зэвсэгт мөргөлдөөний явцад уламжлалт биш “шинэ” арга хэлбэрийг ашиглаж байгаа тухай бичиж, тэмдэглэх болсон. /Югослав, Афганистан, Өмнөд Осетин, Йемен, Сири, Ливи, Уулын-Карабах ба бусад/. Гэвч “хүч тэнцвэргүй ажиллагаа”-ны тухай судлах судлаачдын сонирхолоос хамааралгүйгээр энэхүү ажиллагааны онолын үзэл баримтлал нь өөрийн хөгжлийн үедээ явж байгаа бөгөөд шинжлэх ухааны логик ойлголтоор тайлбарлах аргагүй тийм олон шинэлэг явдлыг практик өөрөө бий болгож байна. Цэргийн мөргөлдөөн дэх хүч тэнцвэргүй ажиллагаа ба заналхийллийг үзүүлэх нөлөө болон бусад хүчин зүйлээс хамаарч дотор нь олон янзаар ангилж болно. Тухайлбал:

-Нөлөөлөл үзүүлэх хүч хэрэгслийн хувьд: цэргийн ба цэргийн бус;

-Ил тод байдлын хувьд: нуугдмал, илт, узүүлэх, дууриалгах, төөрөгдүүлэх гэх мэт;

-Нөлөөлөл үзүүлэх объектоор нь: /төлөвлөсөн ба зохицуулагдах байдлаар/: Зэвсэгт хүчний удирдлага, бие бурэлдэхүүний ба хувь албан тушаалтны харьцаанд, тухайн улсын хүн амын харьцаанд, бие даасан нийгмийн, угсаатны, улстөрийн бүлэглэлүүдийн харьцаанд, цэргийн ба цэргийн бус объектуудын, төрийн удирдлагын тогтолцоонд, өндөр албан тушаалтнуудын харьцаанд/;

-Арга, хэлбэрийн хувьд: партизаны, ундэсний эрх чөлөөний, залхаан цээрлуулэх, албан тушаалын, алан хядах /хязгаарлагдмал, бус нутгийн, дэлхийн/, хорлон сүйтгэх /иэргийн хучний, нийгэм улс төрийн, хор уршиг учруулах/;

-Цар хүрээ ба болзошгүй үр дагавараар нь: тактикийн, оперативийн, стратегийн;

-Үргэлжлэх хугацаагаар нь: цаг үеийн, богино хугацааны, дунд ба урт хугацааны;

-Цагийн байдлын нөхцөлөөр нь: урьдчилсан, хариу өгөх;

-Нөлөөлөх чиглэлээр нь: шууд, шууд биш /хөндлөнгийн/.

Хүч тэнцвэргүй байдлыг тактикийн түвшинд хэрхэн амжилттай хэрэглэснээс шалтгаалан стратегийн үр дагавар илэрнэ.

Дээрхээс гадна цэргийн шинжлэх ухаан нь:

- хүч тэнцвэргүй аюул, заналхийлэлийг таних арга зам, тэдгээрийг тогтоон барих аргачлалын үндэс, түүнчлэн энэхүү аюул, заналхийллийн улмаас улсын үндэсний аюулгүй байдалд учирч болох эрсдлийн үнэлгээ хийх аргачлалыг боловсруулах;

- илүү хүчтэй сөргөлдөгч талын зүгээс үзүүлж буй аюул, заналхийллийг тогтоон барих, түрэмгийллийг няцаах шаардлагын үүднээс хүч тэнцвэргүй арга хэмжээг хэрэгжүүлэх, тэдгээрийг хэрэглэх аргыг боловсруулж төгөлдөржүүлэх;

- улс орны аюулгүй байдалд хүч тэнцвэргүй байдлын тодорхой аюул, заналхийлэл үүссэн тохиолдолд тэдгээрийг саармагжуулах, ажиллагааг зохицуулах чиглэлээр төр, цэргийн удирдлагын зүгээс хэрэгжүүлэх арга хэмжээний заавар, ажиллах журмыг боловсруулах зэрэг асуудлыг судлах үүргийг хүлээнэ.

Илүү хүчирхэг этгээдийн зүгээс явуулж буй ажиллагааны /цэргийн ба цэргийн бус/ явцад аюул, заналхийлэл өсөн нэмэгдэхийн хэрээр үүсэх нөхцөл байдалд цаг тухайд нь үнэлэлт өгч, эрсдэлийг зөв тооцож ажиллах асуудал чухал юм. Эс тэгвээс нийгэмд эмх замбараагүй байдал газар авч, төр, засгийн удирдлага алдагдах, цагийн байдлын тодорхойгүй нөхцөл бий болсноор тухайн улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол алдагдах аюул үүсэж, өөрийн нутаг дэвсгэрийг бүрэн хэмжээгээр хянаж чадахгүй нөхцөлд хүрнэ. Үүний тод жишээг Ливи улсын өнөөгийн байдлаас харж болох юм. Өөр нэг жишээ нь 2011 оноос хойш үргэлжилж буй Сирийн мөргөлдөөн юм. Энэхүү мөргөлдөөний онцлог нь тус улсын Засгийн газрын зүгээс өөр өөрийн ашиг сонирхол, зорилгын төлөө тэмцэж буй бүтэц, зохион байгуулалт, зэвсэглэл, санаа зорилго болон ажиллагаа явуулж байгаа арга хэлбэрээрээ ялгаатай төрөл бүрийн бүлэглэлүүдийн эсрэг цэргийн хүчийг ашиглан байлдааны ажиллагаа хийж байгаад оршино.

Хүч тэнцвэргүй ажиллагааны орчин үеийн хөгжлийн чиг хандлага, түүнийг шинжлэх ухааны хувьд нь судлах асуудал чухал бөгөөд тулгамдаж буй талаар Э.Макк 1975 онд өөрийн нийтлэлд “... хүч тэнцвэргүй мөргөлдөөний мөн чанар нь аль нэг том хүчирхэг гүрэн өөрөөсөө илт хүчээр дутуу дайсны эсрэг явуулсан дайн, зэвсэгт тэмцэлд улстөрийн хувьд ялагдал хүлээснээр тодорхойлогдож болох юм. Ийм нөхцөлд цэргийн хүчний давамгай байдлаар ялалт байгуулж чадахгүй бөгөөд зарим тодорхой нөхцөлд түүний эсрэг үйлчилдэг.” гэж бичжээ. Математикч Ж.А.Пуанкаре түүний энэ дүгнэлтийг олон талаар дэмжиж "... анхны нөхцөл дэх ялгаатай байдал нь аливаа үзэгдлийн төгсгөлд асар их ялгааг бий болгодог. ...Урьдчилан таамаглах аргагүй юм....” гэж дүгнэсэн байдаг. Энэ бүгд нь хүч тэнцвэргүй ажиллагааны үр дүнг урьдчилан таамаглах боломжгүйг илтгэж байна. Түүнчлэн орчин үеийн зэвсэгт тэмцлийн тодорхойгүй, хувирамтгай, ойлгоход бэрх нөхцөл байдал нь цаашид энэ чиглэлийн судалгааны ажлыг эрчимжүүлэх замаар “хүч тэнцвэргүй ажиллагааны” шинэ номлол, үзэл баримтлал, стратегийг боловсруулж ашиглахыг нөхцөлдүүлж байна. Хүч тэнцвэргүй ажиллагааны шинж чанар, түүнийг явуулах аргын талаар эртний гүн ухаантнуудын сургаал, айлтгал нь энэхүү ажиллагааны шинжлэх ухааны үндсийг тавьсан гэж үздэг. Тухайлбал, эртний Хятадын гүн ухаантан Сунь Хай Чен “Дайны өгөөш /тактик/" хэмээх бүтээлдээ ...”Голын түргэн бөгөөд ширүүн урсгал нь түүний эрэг орчмыг живүүлэхээс гадна бусад нөхөж болшгүй хохирлыг бий болгодог. Хэрвээ энэхүү урсгалыг боох, хааж саатуулах гэсэн аливаа оролдлого нь түүний далд хүчийг сэргээж өгснөөр илүү их эрсдлийг үүсгэнэ. Харин, тэгэхийн оронд хаана чамд хэрэг болох газар байна тэнд өөрийн эрх ашигт нийцүүлэн шуудуу гаргах замаар голын урсгалыг өөр чиглэлд урсгах нь зүйтэй юм. Усны дуслаар чулууг ирлэж болдог шиг хүч султай дорой нэг нь хүчтэйгээ ялан дийлж болно.” гэж номлосон байна. Хүч тэнцвэргүй ажиллагаа ба үзэгдлийн мөн чанарын тухай ойлголтод түүний эсрэг ойлголт болох тэнцвэртэй байдлын тухай асуудал гол байрыг эзэлнэ. Байгальд тэгш хэмт байдлын бодит нөхцөл, жишээтэй бараг тааралдахгүй юм. Эндээс харахад хүч тэнцвэргүй байдлын үндсэн төлөв нь аль нэгэн объект /үзэгдэл/ дэх тэгш хэмт байдлын харьцаа алдагдсан байдлаар илэрч байдаг гэж ойлгогдож байна.

Түүнчлэн хүч тэнцвэргүй байдал нь амьд байгаль болон танихуйн явцад хэлбэрийн хувьд бүтцийн ялгаатай эд эсийг арилган, өөрсдийгөө адил, тэгш зүйлсээр хүрээлүүлэхийг эрмэлзэж буй байгалийн аливаа биетийн шинж чанар юм. Тогтсон механизмын хувьд авч үзэхэд энэ шинж чанар нь тогтолцооны тогтвортой байдал, түүнийг бүрдүүлдэг эд эсийн тэнцвэртэй байдал, шаардлагатай шинж чанаруудыг хадгалахад ач холбогдолтой юм. Үүнээс гадна тэгш хэмт байдал нь аливаа тогтолцооны нөхцөл байдлыг өндөр нарийвчлалтай урьдчилан тооцох, түүний гол үзүүлэлтүүдийг, дотоод болон гадаад байдлыг хянах, объект (тогтолцооны) гол шинж чанаруудыг тодорхойлох, цаг тухайд нь түүнийг хөгжүүлэх шийдвэр гаргахад ач тустай.

Харин хүч тэнцвэргүй байдал нь тэнцвэртэй эрх тэгш байдал, зохицлыг үгүй хийж, тогтолцооны нөхцөл байдлыг урьдчилан таамаглахад төвөгтэй болгож, түүний хэвийн үйл ажиллагааны хэм хэмжээг сахихад хүндрэлтэй болгодог хэдий ч хөгжил дэвшлийн өнцгөөс харахад энэхүү байдал нь илүү ирээдүйтэй бөгөөд хөгжил дэвшилд хөтөлж байдгаараа онцлогтой юм.

ХҮЧ ТЭНЦВЭРГҮЙ ЦЭРГИЙН МӨРГӨЛДӨӨН

а. Хүч тэнцвэргүй заналхийлэл /учрах үзэгдэл/:

- улс хоорондын харьцааг ямар нэгэн байдлаар хурцатгах, түрэмгий шинж чанар бүхий нэг талыг барьсан улс төрийн мэдэгдэл;

- бэлтгэл ажиллагааг хэрэгжүүлэх арга хэмжээнд гурав дахь орны болон улс биш тоглогч нарын зүгээс явуулж буй илт дайсагнасан шинжтэй ажиллагаа;

- улсын аюулгүй байдлын түвшинд нөлөөлөх

б. Хүч тэнцвэргүй байдал цэргийн мөргөлдөөнд;

- олон улсын эрх зүйн хүрээнд тогтоосон хэм хэмжээний дагуу цэргийн хүчийг хэрэглэх;

- талууд харилцан адилгүй хүч, хэрэгсэл, хөрөнгө зарцуулахыг шаардсан нөхцөлд зэвсэгт мөргөлдөөнийг уламжлалт бус арга хэлбэрийг ашиглан явуулах;

- цэргийн ажиллагааны тогтсон шинж чанар, агуулгыг зөрчих зэргээр хүч тэнцвэргүй ажиллагаа явагдаж болно.

ӨРГӨН ОЙЛГОЛТ ДАХЬ ХҮЧ ТЭНЦВЭРГҮЙ БАЙДАЛ /ТЭГШ ХЭМТ БУС/

1960 оноос эхлэн “хүч тэнцвэргүй” хэмээх ойлголтыг аль нэг хөгжингүй улс болон гуравдагч ертөнцийн орнуудын хооронд явагдсан зэвсэгт мөргөлдөөнийг судлах, тэдгээрийн үр дүнг тодорхойлохдоо улс төрчид, олон улсын тоймч ба цэргийн шинжээчид анх хэрэглэж эхэлсэн байдаг. Энэ нийтлэлийн хүрээнд хүч тэнцвэргүй байдлыг цэргийн сөргөлдөөнд хэрхэн хэрэгжүүлж буй онцлог талаас нь авч үзсэн болно. Цэргийн аливаа сөргөлдөөнд амжилт олох асуудал нь зөвхөн талуудын хүчний байдлыг илэрхийлсэн байдал, үзүүлэлт /батлан хамгаалах боломж, улсын дайчилгаа явуулах болон бусад эдийн засгийн хүчин чадал, зэвсэгт хүчний байлдааны боломж, бэлэн байдал, байлдах чадавхи, төхник, технологийн хангалтын байдал гэх мэт/ болон цэргийн бус /нийгэм, хүн амын сэтгэл зүй, оюун санаа, соѐл, үзэл бодлын тогтвортой байдал, мэдээллийн аюулгүй байдал хангагдсан эсэх, болзошгүй аюул, заналхийллийг сөрөн зогсох ѐс суртахуун, сэтгэл зүйн бэлтгэгдсэн чадвар ба бусад/ шинж төлөвийг агуулсан хүчин зүйлийн нэгдлээр тодорхойлогдоно гэдгийг цэргийн шинжлэх ухаан тогтоосон билээ. Өнөөдөр хийгдэж буй ихэнх судалгааны ажилд аливаа дайн, зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулахад нийгэм, иргэдийн дэмжлэг, тууштай байдал чухал нөлөө үзүүлдэг болохыг илэрхийлсэн байна. Яагаад гэвэл энэ хүчин зүйл нь хүчтэй ба хүчгүй талуудын хувьд шийдвэрлэх үүрэгтэй юм.

Хүч тэнцвэргүй байдал нь тайван ба дайны цагт ч гэсэн аль нэг сөргөлдөөний явцад тогтмол илэрч байдгийг тэмдэглэх нь зүйтэй юм. Иймд аливаа сөргөлдөөн нь улс, орнуудын хооронд /эвсэл, холбоодын/, улс ба улс биш тоглогчдын дунд болон эдгээр тоглогч нарын хооронд ч явагдаж болдог байна. Улс биш тоглогч нарын тоонд өөрсдийгөө улс хэмээн үздэг хүлээн зөвшөөрөгдөөгүй орнууд, алан хядагч байгууллагууд, сөрөг хүчин ба тэдгээрийн зэвсэгт бүлэглэл, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл, шашны, салан тусгаарлах үзэлтэй байгууллага, нөхөрлөл, өөрийгөө хамгаалах зэвсэгт отряд болон бусад зохион байгуулалттай бүтцүүдийг хамруулан үзнэ. Дээр дурдсан бүхэн нь “хүч тэнцвэргүй” хэмээх ойлголтыг хэрэглэх хүрээ өргөжиж байгааг илэрхийлэхийн зэрэгцээ дараах ялгаатай шинж төлөвийг нөхцөлдүүлдэг байна. Үүнд:

- сөргөлдөгч талуудын цэргийн, эдийн засгийн болон технологийн хөгжил ба тэдгээрийг ашиглах боломжийн ялгаатай байдал;

- дайн, зэвсэгт тэмцэл явуулах зорилго, арга хэлбэр, хэрэглэх хүч хэрэгслийн талаар төрийн номлол, үзэл баримтлал, бодлогын хандлага дахь ялгааны асуудал;

- дайн, зэвсэгт тэмцэлд бэлтгэх ба түүнийг явуулах филисофи ба стратегийн ялгаатай хандлага;

- Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний тоо болон технологийн түвшний хөгжил, тэдгээрийн хангалтын харилцан адилгүй байдал;

- байнгын болон байнгын бус зэвсэгт байгууллагуудын зохион байгуулалтын ба нөхөн хангах тогтолцоо, тэдгээрийн зэвсэглэл, хангалтын байдал болон ажиллагаа явуулах, стратеги, тактикийн онол, практикийн зарчмын ялгаатай байдал;

- байнгын бус бүлэглэлүүдийн дасан зохицох чадвар нэмэгдэхийн хэрээр тэд байнга хувьсан өөрчлөгдөж байдаг тул тэднийг цаг тухайд нь нарийвчлан тогтоох, тодорхойлоход үүсэх хүндрэл;

- байнгын бус зохион байгуулалттай бүлэглэл, удирдлагын болон хүчний төвийг тодорхойлоход учирдаг бэрхшээлтэй байдал зэргийг оруулан тооцдог байна. Өгөгдсөн эдгээр төлөв байдал нь харилцан адилгүй хүч, жин бүхий сөргөлдөгч талуудын хоорондын зэвсэгт мөргөлдөөн дэх хүчний харьцааны тухай ойлголтыг утга учиргүй болгож байгаа юм. Тухайлбал, спортын уралдаан тэмцээний явцад ур чадвар, техникийн хувьд илт дутуу тал /тамирчин/ өөрөөсөө илүү өрсөлдөгчөө ялах тохиолдол гардагтай адил сонирхолтой хэ

Холбоотой мэдээ
МОНГОЛ УЛСЫН ЦЭРГИЙН НИЙТЛЭГ ДҮРМҮҮД
Нийтэлсэн: 2022-10-01 15:47:00 Үзсэн: 29054
ЦЭРГИЙН БИЕИЙН ТАМИРЫН ЗААВАР
Нийтэлсэн: 2022-09-08 15:45:00 Үзсэн: 2091
ЦЭРЭГЖЛИЙН СПОРТЫН ЦОЛ, ЗЭРЭГ ОЛГОХ ЖУРАМ
Нийтэлсэн: 2022-09-08 15:44:25 Үзсэн: 723
ЦЭРЭГЖЛИЙН СПОРТЫН ДҮРЭМ
Нийтэлсэн: 2022-09-08 15:41:49 Үзсэн: 417
ЦЭРГИЙН БИЕИЙН ТАМИРЫН БЭЛТГЭЛИЙН СТАНДАРТ
Нийтэлсэн: 2022-09-08 15:37:37 Үзсэн: 758
ENGLISH FOR PEACEKEEPERS-1: Module 3: Task 4
Нийтэлсэн: 2021-12-06 09:26:55 Үзсэн: 410