Үүсэл, хөгжил
1900 онд Grubb Telescope Company-ы зохион бүтээгч, захирал Ховард Грабб анхны коллиматор харааны хэрэгслийг зохион бүтээжээ. 1901 онд буудлагын зэвсэгт хэрэглэх авсаархан загварыг бүтээсэн байна. Уг харааны хэрэгсэлийн ажиллагааны зарчим нь харааны торыг гэрэлтүүлэх цонхыг харааны дээд хэсэгт байрлуулж, гэрэл цонхоор толинд тусаж, толиноос ойсон цацрагууд хүнхэр линзний тусламжтайгаар харааны торыг буудагчийн нүдэнд тусгахаар санаачилсан байна. Граббын коллиматор хараа нь тухайн үедээ ангийн буунуудад суурилуулагдаж, ихээхэн эрэлт хэрэгцээтэй байжээ.

Улмаар коллиматор харааг нисэх хүчнийхэн хэрэглэж, сөнөөгч онгоцонд суурилуулах болсон бөгөөд 1918 онд Albatros D.V болон Fokker DR.1 зэрэг сөнөөгч онгоцнуудад суурилуулж анх хэрэглэсэн байдаг. Уг харааны хэрэгслийг Optische Anstalt Oigee фирм Граббын патентаар үйлдвэрлэж эхэлсэн ба харааны торыг гэрэлтүүлэгээр гэрэлтүүлэх болсон байна.
Адилхан харааны хэрэгслийг Английн Vickers фирм үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд цаашдаа нисэх онгоцны харааны хэрэгслүүд сайжруулагдан хөгжиж байгаа боловч ажиллагааны зарчимд өөрчлөлт ороогүй бөгөөд зенитийн суурь, танк эсэргүүцэх артиллери, минометуудад хэрэглэж эхэлжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1945 онд винтовын коллиматор харааны хэрэгслүүд үүссэн. 1945 онд харааны тор гэрэлтүүлж, цацраг ойлгох муруй тунгалаг шилтэй Nуdar shotgun sight, 1947 онд харааны тор гэрэлтүүлэх зай хураагууран тэжээлтэй Giese electric gunsight харааны хэрэгслүүд бүтээгдсэн байна.
1970 онд Weaver Qwik-Point болон Thompson Insta-Sight харааны хэрэгслүүд бүтээгдсэн. Дээрх харааны хэрэгслүүд нь цацраг хуваарилах төхөөрөмжийн тусламжтай харааны торыг гэрэлтүүлэх бөгөөд хараалах улаан цэг үүсгэх Qwik-Point төхөөрөмжтэй болж сайжруулагдсан байдаг.
RED DOT нэртэй өөр төрлийн далд хэлбэрийн харааны хэрэгслүүдийг артиллерт хэрэглэж ирсэн. Харааны торны оронд улаан цэг хэрэглэх бөгөөд гэрлийн эх үүсвэр нь чийдэн эсвэл орчны гэрэл байсан. Armson OEG компани радио идэвхитэй бодисыг гэрэлтүүлгээр ашиглаж шөнийн нөхцөлд үүрэг гүйцэтгэх боломжтой болгосон.
Дээрх харааны хэрэгслүүдийн гол дутагдал нь буудагчийн тархи өөр төрлийн зураглалыг муу хүлээн авч байснаас гадна хараалах цэг хэт том хэмжээтэй байсан нь буудлагын дүнд сөргөөр нөлөөлж харааны үр ашгийг багасгаж байсан. Үүнээс болж тухайн үедээ АНУ-ын Зэвсэгт хүчинд буудлагын зэвсгийн коллиматор хараа хэрэглэлийг үйлдвэрлэхийг хориглож байжээ.
1974 онд Aimpoit компани харааны улаан цэг үүсгэх гэрэл ялгаруулдаг диод хэрэглэх болсноор технологийн дэвшилд ихээхэн өөрчлөлт авчиржээ. Гэвч тухайн үедээ уг харааны хэрэгсэл нь тамирчид, анчдыг сонирхолыг төдийлөн татаагүй байна.

1975 онд америкийн армийн бэлтгэл түрүүч Жо Паскарелли гар бууны буудлагын үндэсний аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, америкийн буудлагын холбооны сэтгүүлийн нүүрэнд Aimpoint Electronic харааны хэрэгсэл бүхий гар буу барьсан зургаа тавиулсан нь ихээхэн сурталчилгаа болж АНУ-ын цэргийхэн хүртэл анхааралдаа авч М16 винтовд коллиматор хараа хэрэглэх шаардлагатайг тэмдэглэж зохион бүтээгчдэд санал хүргүүлсэн байдаг.
Гэвч зөвхөн 2000 онд Aimpoint компани АНУ-ын Зэвсэгт хүчинд 500000 гаруй M68 Close Combat Optic Rifle Sights загварын харааны хэрэглэл нийлүүлэх гэрээ хийсэн байна.
Шилт харааны хэрэгслээр буудлага үйлдэх үед буудагч нь харааны торыг цельтэй давхцуулж, окуляраас тодорхой зайд нүдээ харааны төв шугамтай нарийн давхцуулдаг. Коллиматор хараагаар буудлага үйлдэх үед уг хүндрэл тохиолдохгүй. Учир нь цель болон харааны тор нь үргэлж нэг шугамд байна. Мөн 2 нүд нээлттэй байдлаар буудлага үйлдэх боломж олгоно. Үүний дүнд буудагчийн харах талбай харааны хэрэгслээр хязгаарлагдахгүй орчин тойрныг нэгэн зэрэг хянаж чаддаг байна.
Цэргийн зориулалттай коллиматор хараа нь цэгэн эсвэл дундаа цэгтэй цагираг хэлбэртэй харааны тортой байдаг. Сүүлийн үед Eotech компани нь хол хэмжих харааны тортой хэрэгслүүд (AR 223, XR 308, XR 500, FN303, SAGE)-ийг үйлдвэрлэж байна. Коллиматор хараа нь хэвтээ болон босоо хавтгайд засвар хийх эрчлүүртэй. Орчин үеийн ихэнх харааны хэрэгсэл нь харааны тор тодруулах механизмтай байдаг. Eotech, Aimpoint фирмийн харааны хэрэгслүүдийн уг механизм нь гараас тохируулга хийдэг бол Docter Sight брендийн харааны хэрэгсэл автоматаар тохиргоо хийгдэнэ. Харааны торны тодрол тохируулах механизм нь харааны хэрэгслийг шөнийн харааны хэрэгсэлтэй хавсарган ашиглах боломж олгоно. Энэ нь дуулганд суурилуулагддаг шөнийн шилтэй үед ч буудлага үйлдэх боломж олгоно.
MV-14HP загварын шөнийн харааны хэрэгсэлийг «Eotech 552» загварын коллиматор харааны хэрэгсэлтэй хослон суурилуулсан байдал.
Коллиматор харааны бүтэц, төрөл
Коллиматор харааны хэрэгслүүд дараах үндсэн 4 элементээс бүрдэнэ. Үүнд:
Оптик;
Цахилгаан блок;
Гэрэл ялгаруулагч;
Тохируулах механизм.
Коллиматор харааны хэрэгслүүд нь идэвхитэй болон идэвхгүй гэсэн 2 төрөлтэй байна.
Идэвхитэй харааны хэрэгслүүдэд тэжээлийн үүсгүүрээр харааны тор гэрэлтдэг 24 цагийн ажиллах боломжтой харааны хэрэгслүүд хамаарна.
Идэвхигүй харааны хэрэгслүүд нь тэжээлийн үүсгүүргүй, орчны гэрлээр харааны тор гэрэлтэнэ. Зөвхөн өдрийн нөхцөлд ажиллана.
Коллиматор харааны хэрэгслүүд нь бүтцийн хувьд 2 төрөлтэй байна.
1.Далд – харааны хэрэгслийн оптикийн бүх элементүүд цилиндр хэлбэрийн их биед байрлана. Энэ төрлийн харааны хэрэгслүүд нь оптик харааны хэрэгслүүдтэй харьцуулахад харьцангуй овор багатай. Харааны хэрэгсэл нь цохилтоос сайн хамгаалагдсан.
2. Ил – харааны хэрэгслийн линз нь ил байрлах бөгөөд түүний ард гэрлийн үүсгүүр байрлана. Маш хөнгөн, авсаархан. Бусад харааны хэрэгслүүдийг бодвол цохилтоос муу хамгаалагдсан. Төрөл бүрийн карабинуудад суурилуулахад тохиромжтой.
Коллиматор хараа нь 1 крат (1 дахин) өсгөлттэй байна. Сүүлийн үед коллиматор хараанд зориулан 3 хүртэл өсгөлттэй насадкийг үйлдвэрлэж эхлээд байна.
1) Далд төрлийн коллиматор хараа "Carl Zeiss Z-Point"; 2) Ил төрлийн коллиматор хараа "DocterSight II".
Далд төрлийн харааны хэрэгслийн оптик хэсэг нь гадны элдэв бохирдлоос найдвартай хамгаалагдсан байдаг бол сүүлийн үеийн ил харааны хэрэгсэл нь элдэв бохирдлыг зайлуулах бүрхүүлтэй болсон байна.
Харах талбайн хязгаарлалт мэдрэхгүй сайн талтай тул ихэнх буудагчид ил хэлбэрийн харааны хэрэгслийг илүүд үздэг байна.
Коллиматор харааны давуу талууд
1. Үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд ил хараагаар буудлага хийхэд хүндрэлтэй байдаг. Овоо хараанд фокус шилжих үед целийн дүрс бүрэлзэж муу харагддаг. Коллиматор хараа нь энэ асуудлыг хялбар шийдэж өгнө. Фокус цель дээр байж, харааны тор тод харагдана.Харааны хэрэгсэл буудагчийн нүднээс хир хол зайд байгаа эсэх нь ач холбогдолгүй юм.
2. Хөдөлгөөнт цельд буудах. Хөдөлгөөнт целийг ил хараагаар онож сурахаас бага цаг зарцуулна. Хөдөлгөөнт цельд харааны торыг аваачна, гох дарна.
3. Тохиромжгүй байрлалаас буудах. Хуягт тээвэрлэгчийн дугуй хоорондоос, автомашинаас, эвдэрхий хана зэрэг хаалтны араас төрөл бүрийн тохиромжгүй байрлалаар буудах үед хамгийн тохиромжтой.
4. Буудагч бэлтгэх. Суралцагч зөвхөн харааны торыг байнд аваачиж тайван гохтой ажиллаж сурна.
5. Зарим коллиматор харааны хэрэгслүүд шөнийн харааны хэрэгсэлтэй хослон ажиллах бололцоотой байна. /жишээ нь Eotech/
6. Харааны тор нь эсрэг талаасаа харагдахгүй зөвхөн буудагчид харагдана.
7. Мэргэжлийн бэлтгэлгүй, дадлага туршлага бага буудагчийг цэцтэй буудлага үйлдэхэд дэмжлэг үзүүлнэ.
8. Харааны хэрэгслийг буунд түргэн суурилуулж, түргэн салгаж авах боломжтой. Мөн хөнгөн жинтэй байна.

Коллиматор харааны үр ашигтай байдал нь дараах 3 хүчин зүйлээс ихээхэн шалтгаална. Үүнд:
а) харааны хэрэгсэл сайн чанарынх байх.
б) харааны хэрэгслийн бэхэлгээ ямарч нөхцөлд тусгалын дундаж цэгийг алдагдуулахгүй байх
в) буудагч ямар зайд хаана шагайж буудахаа мэддэг, сумны баллистик мэддэг байх.
а) харааны хэрэгсэл сайн чанарынх байх.
1.) Aimpoint
2.) Trijicon MRO
3.) EOtech
Дээрх фирмүүдийн харааны хэрэгслүүд нь сайн чанарын байдаг. Чанар муутай харааны хэрэгслүүдийн нэг дутагдалтай тал нь батарей юм. Батарей муудах үед харааны улаан цэг анивчих, харааны тор аль нэг захруу шилжих зэрэг асуудлууд тулгардаг.
Коллиматор харааны хэрэгслүүдийн тусгалын дундаж цэг цаг уурын огцом өөрчлөлтөнд 15-17 см буюу 5-6 МОА өөрчлөгдөж байсан байна. Хятадын Holosun фирмийн харааны хэрэгслүүд нь шалгуур үзүүлэлтүүдийг хангаж, найдвартай ажиллаж байгаа боловч үйлдвэрлэгч орноосоо шалтгаалан олны итгэлийг олоогүй байна.
б) харааны хэрэгслийн бэхэлгээ
Хамгийн сайн бэхэлгээ хийх дараах вариантууд байна. Үүнд:
хийн яндан дээр;
харааны самбарын оронд;
хайрцаг ангийн таган дээр;
хажуугийн суурин дээр.
1). хийн яндан дээр (тусгай нуруувч дээр)
хамгийн сайн сонголт нь Ultimak фирмийн Пикатинни загварын суурьтай хийн яндан юм.
Сайн тал нь ТДЦ хөдлөхгүй, бууны жинд өөрчлөлт орохгүй, коллиматор хараа жагсаалаас гарсан тохиолдолд харааны доорх зайгаар ил хараагаар буудлага үйлдэж болох боломжтой юм.
Сул тал нь хийн бүлүүрийг салгаж цэвэрлэвэл тусгал алдана, харааны хэрэгсэл хийн бүлүүр дээр буудагчийн нүднээс хол байрлана. Хамгийн гол нь буудлагын үед хийн яндан халж, харааны хэрэгслийг давхар халаана. Үйлдвэрлэгчид нуруувч, онгоц модыг төрөл бүрийн шинж чанартай материалаар, янз бүрийн загвараар үйлдвэрлэж байгаа нь хангалттай сайн бэхэлгээг хангахгүйгээс гадна зарим суурь нь ил хараа харагдахгүйгээр хийгдсэн байдаг.
2). Харааны самбарын оронд
ОХУ-д үйлдвэрлэгдсэн "Кочевник" загварын суурь нь харааны самбарын оронд суурилуулагдах бөгөөд сангийн ангид эрэгдэж тогтоогдох тул хөдөлгөөнгүй найдвартай бэхлэгдэх бөгөөд тусгалын дундаж цэг зөөгдөхгүй.
Хамгийн том сул тал нь ил хараагаар буудах боломжгүй болгоно.
3). Хайрцаг ангийн таган дээр

Бууны хөдөлгөөнтэй задардаг хэсэгт суурилуулах тул найдвар багатай. Хөдөлгөөн багатай болгохын тулд зориулалтын онгоц модтой давхар бэхэлнэ. Буудагчийн нүдэнд ойр тул харагдах байдал сайтай.
4). хажуугийн суурин дээр
Төрөл бүрийн нэмэлт өөрчлөлтгүйгээр хажуугийн суурьтай автоматад найдвартай бэхлэгдэнэ. Гэвч бууны жинг нэмэгдүүлнэ. Сайн чанарын суурь сонгох шаардлага үүсгэнэ.
в) буудагч сумны баллистикийг сайн мэдэж, зай бүрт байны хаана барьж буудахаа мэддэг байх шаардлагатай.

Коллиматор хараатай буугаар 25, 50, 100, 150, 200, 250, 300, 350, 400, 450 болон 500 м зайд байны хаана барьж буудахаа мэдэхгүй тохиолдолд ердийн ил хараа нь илүү үр ашигтай.
Коллиматор харааны сул талууд
Сайн чанарын коллиматор харааны хэрэгслүүд нь хангалттай үнэтэй. Хэрвээ 40-80 долларын харааны хэрэгсэл авсан бол чанарт найдах хэрэггүй.
Сайн чанарын коллиматор харааны хэрэгслүүдийг ихэвчлэн Европ, АНУ, Япон улсуудад үйлдвэрлэдэг. ОХУ нь дээр харааны хэрэгслүүдийг мөн адил үйлдвэрлэдэг боловч бусад улсын харааны хэрэгслүүдийг бодвол бага зэрэг хүнд, овортой байдаг. Үнийн хувьд харьцангуй хямд. Хэрвээ ОХУ-д үйлдвэрлэсэн харааны хэрэгсэл сонгох бол “Кобра” фирмийн харааны хэрэгслийг сонирхох хэрэгтэй.
Олонд ихээр танигдсан нь DOCTER фирмийн коллиматор харааны хэрэгсэл юм. Энэ төрлийн харааны хэрэгслүүд нь найдвартай ажиллагаатай бөгөөд хамгийн гол нь бараг бүх төрлийн буудлагын зэвсэгт суурилуулах боломжтой. Гэвч энэ харааны хэрэгслүүд нь нилээд үнэтэй байна.
Анчдын хувьд арай хямд, чанарын хувьд сайнд HAKKO, Nikon фирмийн харааны хэрэгслүүд тооцогддог.