ЗОРИГТ ТАГНУУЛЧ НАВААНЫ КАМПААН

2015 оны 05 сарын 01

Би цэрэгт арван таван жил алба хаасан хүн. Арми надад амьдралын их сургууль болжээ. Энэ сургууль зориг тэвчээр, санасандаа хүрэх эрмэлзлэлээр хэмжигдэнэ. Чухам ийм чанарыг арми л надад өгсөн. Бас бэрхшээлийг даван туулах хүч, хөдөлмөрөө хоёргүй сэтгэлээр улс эх орондоо зориулах хүсэл сэтгэлийг армиасаа олж авсан. Амьдралын их сургууль армиасаа би ар гэрийн гачигдлаар ахмад цолтой халагдахдаа харамсах сэтгэл төрсөн ч “найрамдлын зам” дагах болсондоо сэтгэл уужран баярласан билээ. Энэ зам эх оронд минь хөгжил цэцэглэлт авчирсан төдийгүй, жирийн малчны хүү надад, миний үр хүүхдүүдэд аз жаргал, амьдралын сайн сайхныг хайрласан гэж хоёр дайнд оролцсон ахмад дайчин Н.Кампаан гуай 1980-аад онд бичсэн дурсамждаа тэмдэглэн үлдээжээ. 

Нэг. Тэр шөнө тас харанхуй, бас бороо орсоор байлаа. Цэргийн агт уруудах янзтай салхины аясаар хошуурна. Майхан цув нэлмийтэл нөмөрсөн Кампаан дуугаа хоолойны хэрээр өндөрлөн чимээ өгнө. Тэгтэл нойтон газар бөмбөрдөн нэгэн морьтон давхин ирж,

-Агтаа аваад ир! гэж захирал тушааж байна гэв. Кампаан ирсэн байлдагчтай хамжин агтаа хөөж ирсэнд нөхөд нь тэр даруй аяны замд гарахад бэлэн болжээ. Үүр тэмдгэрч бараа харагдахтай болов. Кампаан жагсаалын адагт өөрийн “байранд” зогсож байлаа. Бага даргын сургуулийн захирал түүнийг дуудаж:

-Та байрандаа үлдэнэ. Бүх зүйлийг журамлан цэгцэл. Нууцын түлхүүрийг штабт өг гэв.

Төд удалгүй Кампаан тушаалыг ёсчлон биелүүлээд Хэнтийгээс ирсэн хоёр машин цэргийн “дарга” болчихсон Халхын голыг чиглэн давхиж явжээ.

Хоёр. Тагнуулчид голын бургас дагасаар багахан толгод руу дөхөж ирэв. Байлдагч Кампаан эмээл дээрээ хэвтэх шахам бөхийж, хавь орчныг хэрэндээ гярхай ажиглана. Түүнийг Хэнтийн цэргүүдтэй ирсэн өдөр нь дивизийн тагнуулын бүлгийн дарга Дашдоржийн мэдэлд өгсөн учир анхныхаа байлдааны үүргийг гүйцэтгэхээр яваа нь тэр ажгуу. Ахмад цуварч явсан нөхдөө гүйцэж ирээд,

-Эндээс гурав салж явна. Болгоомжил, гол нь дайсны байрлалыг мэд гэж хэллээ. Кампаан байлдагч Авирмэдтэй толгодын баруунаар тойрлоо. Авирмэд Кампаанаас ах төдийгүй нэлээд гүжирмэг эр. Бороо орсоор байлаа. Анх удаа байлдааны үүрэг гүйцэтгэж яваа болохоор аймаар ч юм шиг. Гэнэт тэмээ орилов.

-Дайсны хориглолт руу ороод ирэх шиг боллоо. Явгалах уу? 

-Тэгье, морьдоо энд тушчихья. Тэр хоёр дайсны яг дээрээс нь орчихжээ. Үл мэдэх харь хэлээр ярилцаж, сүүтэгнэн явах нь харагдана. Авирмэд Кампаан хоёр араар нь тойрохоор буцан мөлхөв. Нэлээд мөлхтөл бургасны ёроолд бөөн юм харлана. Бараг үүдэн хоймрын чинээ ойртлоо. Бургасны хажууд хоёр хүн унтаж байх шиг.

-Нэг нэгээр нь дараад авья.

-Тэгье. Хоёул ухасхийв. “Нойрноос морио” өгсөн хоёр самурай сэхээ авсан боловч нэгэнт хожимджээ.

Гурав. Тагнуулчид явсаар дайсны ар талд гарчээ. Дайсны агт ойрхон бэлчээрлэнэ. Дарга нь Кампаанд:

-Дайсны хориглолт, хүн хүчийг мэдээд ир! гэв. Нүх шиг харанхуй шөнө ийм үүрэг биелүүлнэ гэдэг амаргүй. Кампаан 500-гаад метр газар яваад явгалав. Ойрхон бүдэгхэн гэрэл сүүмэлзэнэ. Тэр мөлхсөөр нуувчны ирмэгт тулж ирэв. Япон цэргүүд бие биеэ дэрлэн нам унтжээ. Харуул манаа үл харагдана. Кампаан нуувчийг тойрон цааш мөлхөв. Дахиад л нуувч, унтсан самурай...

Хачин юм, харуул нь унтчихсан юм байхдаа. Гэнэт нэг самурай нуувчнаас олисхийн босоод ирэв.  Буудах уу, баривчлах уу. Дайсны дунд орчихсон учир алийг нь ч хийх арга байсангүй. Эргээд морь руугаа мөлхөв. Тэгтэл босч ирсэн самурай түүнийг чиглэн айсуй. Кампаан ухасхийн босуут мориндоо мордон давхиулав. Дүүрэн хүнтэй нуувчин дээгүүр харайлгаж гарав. Энд тэндгүй буун дуу тачигнан сум шунгинана. Золоор амьд мэнд гарсан төдийгүй дайсны тухай баттай мэдээ авчирсан Кампааныг нөхөд нь тэр цагаас “самурайн сарьсан хоншоор дээгүүр харайлгадаг” гэж хошигнон нэрлэдэг болжээ.

Дөрөв. 1943 он. Тамсагийн 6 дугаар дивизийн 17 дугаар морьт хорооны сэлэмт салааны даргаар Цэргийн ерөнхий сургууль төгссөн залуухан дэслэгч ирсэн нь 17 насандаа Халхын голын дайнд оролцож Байлдааны гавьяаны Улаан тугийн одонгоор шагнуулсан Навааны Кампаан байлаа. Хойтон нь түүний туршлагад Түшиглэн тагнуулын салааны даргаар томилжээ. Кампаан цэргүүддээ өнгөрсөн дайны туршлагаас ярьж, өөрөө ч тагнуулын эрдэмд суралцсаар байлаа. Бас “гараа өргө, бууж өг, зэвсгээ хураалга, та нар бүслэгдсэн” гэсэн япон үг хэллэг өдөр, шөнөгүй цээжилнэ. Энэ бүхэн хэзээ хэрэг болохыг Кампаан ч нөхөд нь ч эс мэднэ. Тэгсээр 1945 он гарав. Байдал түгшүүртэй байсаар Японтой байлдах тэр өдөр иржээ. Тагнуулын тусгай салааны дарга Кампааныг дивизийн хээрийн эмнэлэгт дуудаж, улсын хил алхуут тагнуул хийх үүрэг өгчээ.

Нэг өдөр дивизийн дарга, хурандаа М.Цэдэндаш дэслэгч Кампааныг дуудаж Анзаньтунь хэмээх тосгоныг тагнах  үүрэг өгөв. Губэйкоу хот орох их замын хөлд орших энэ тосгон тун сэжигтэй байлаа. Уулын хавцалд орших энэ тосгонд ганцхан замаар явж хүрэхээс өөр аргагүй, хад хясаагаар хүрээлэгдсэн аж. Кампаан хэдэн байлдагчийг морин жолооч Сумьяагийн хамт үүрэг гүйцэтгэхээр авч явав.

Газар орны байдлын тухай тагнаж мэдсэнээ биет холбоочноор дамжуулан дивизийн даргадаа илтгээд морин жолоочтойгоо хоёул  Анзаньтуньд шөнө дундын үед хүрч очлоо. Тосгоны дундуур гардаг ганц замыг даган явтал замын хойхно ганцхан байшин гэрэлтэй, бусад нь таг харанхуй аж. Эгнүүлэн барьсан зургаа долоон байшинг чиглэн явтал жад буу тэвэрсэн япон нэг байшингаас гараад ирэв. Кампаан Сумьяадаа зоримог чанга дуугаар “Байлдаанд” команд өгүүт буун харайж автоматаа зэхэн урагшилтал хэд хэдэн байшингийн үүд онгойж, гарч ирсэн япон цэргүүд жагсаж эхэллээ. Онцгойдуухан нэгэн байшингаас гарч ирсэн халзан офицер түргэн алхаж цэргүүд рүүгээ ойртон ирэхэд Кампаан автоматаа тачигнуулан:

-Умкарару (гараа өргө) гэж хашгирав. Япон офицер шөрмөс нь татсан юм шиг зог тусан малгайгаа авуут гараа өргөв. Кампаан ч эрэмгий чанга дуугаар:

-Зэвсгээ хая! гэж хашгирав. Самурайнууд тушаал биелүүлж, барьсан зэвсгээ ундуй сундуй  тавьж эхлэхэд Кампаан:

-Монгол хэл мэдэх хүн байвал гараад ир гээд дахиад автоматаа тачигнуулав. Цахар аялгаар хазгай муруй ярьдаг япон цэрэг гарч ирэв. Кампаан түүнд:

-Монгол, зөвлөлтийн цэрэг танай тосгоныг бүсэлсэн. Эсэргүүцвэл бүгдийг чинь нам буудна гэж дамжуулахыг тушаалаа. Япон цэргүүд эсэргүүцэхгүйн дохио болгож, бүгд гараа өргөв.

Японы бүхэл бүтэн батальон цэрэг тугтайгаа зоригт тагнуулч Н.Кампааны өмнө зэвсгээ хаяжээ.  Ийм нэгэн эрэлхэг монгол тагнуулчийн гавьяат үйлс эзэн нь мөнх бусыг үзүүлсэн ч түүхийн шарласан хуудсанд тодоос тод бичигдэн үлдсэн. Нэхэн олгох гэгээн үйлийг сэдэх аваас эх оронч хөвгүүний гавьяаг Монгол Улсын баатрын тэмдэг улам ч яруу бадраах бус уу.


Сүүлд нэмэгдсэн
МОНГОЛ УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛТ САХИЛГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТААРАА ҮЛГЭР ДУУРИАЛАЛ БОЛЖ БАЙНА

2019 оны 10 сарын 11

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА Д.ГАНЗОРИГТ ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛ ОЛГОЛОО

2019 оны 10 сарын 10

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 124 ДҮГЭЭР АНГИЙГ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР ШАГНАВ

2019 оны 10 сарын 09

УУЛЫН ЯВГАН ЦЭРГИЙН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2019 оны 10 сарын 07

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГААР БРИГАДЫН ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ ТОМИЛОГДЛОО

2019 оны 10 сарын 04

АФГАНИСТАНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ЦЭРГИЙН БАГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 10 сарын 02

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ УДИРДЛАГУУД АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 09 сарын 30

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БАРИЛГЫН ЦЭРГИЙН 017 ДУГААР АНГИЙГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД МАНЛАЙЛАН ОРОЛЦОХ АСУУДАЛД АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

2019 оны 09 сарын 30

Б.БАТ-ЭРДЭНЭ: ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН АЛБА ХААГЧДАД НҮБ-ААС ЦАЛИН ОЛГОДОГГҮЙ

2019 оны 09 сарын 25

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР ТӨВ ТАЛБАЙД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА СУРТАЛЧИЛЛАА

2019 оны 09 сарын 25

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019