ШИЙДВЭРЛЭХ ЯЛАЛТУУД

2015 оны 04 сарын 13

ШИЙДВЭРЛЭХ ЯЛАЛТУУД

Зөвлөлт-Германы фронтын байдал 1944 оны эх гэхэд үндсээрээ өөрчлөгдөв. Зөвлөлтийн армийн байлдааны хүч чадал ихээхэн нэмэгдэж, эсрэг талаас хүн хүчээр 1,3, их буугаар 1,6, нисэх онгоцоор 3 дахин давуу байв. Сэтгэл санаагаар унасан дайсныг бодвол зөвлөлтийн цэргийн улс төр, ёс суртахууны давуу тал хэмжээлшгүй их, ялалтад зоригжуулагч гол хүч нь болж хувирав. Дайны явцад зөвлөлтийн цэргийн удирдлага давшилтын болон хориглолтын томоохон операци бэлтгэн хэрэгжүүлдэг туршлагатай болсон байлаа.

Энэ үед Вермахт 248 дивиз, 4,9 сая цэрэг, офицертой байв. Германы тал давших том операци төлөвлөж чадаагүй ч хориглолтод эртнээс бэлтгэсэн олон заагт зөвлөлтийн цэргийг улайран эсэргүүцсээр байлаа. Германы тал ЗХУ-ын өрнөдийн холбоотнуудтай улс төрийн далдуур хорлон хөнөөх явууллагад онцгой найдлага тавьж, германы эсрэг эвслийг сулруулан бүр таслана гэж горьдож байв. Германд фашизмыг ямар ч үнээр болов хадгалан үлдээж, түүнийг сүйрлээс сэрэмжлэн зайлуулахыг хичээн, Оросын эсрэг өрнөдийн орнуудтай хамтран байлдах боломжийг ч үгүйсгэхгүй байлаа.  Чухам энэ л үед Германы цэргийн дээд командлал бүрмөсөн сүйрэхээс яаж зайлсхийхээ л бодож байв. “Хүчний одоогийн харьцаа, зөвлөлтийн цэргийн байлдах чадвараас үзвэл, хэрвээ оросуудын хориглолтыг сэтлэх операцийг урьдчилан сэргийлж, өрнөж эхлэх үед нь тогтоон барихгүй бол дорнод фронт бүхэлдээ сүйрэх аюултай байна” гэсэн гунигтай дүгнэлтийг Германы жанжин штаб 1943 оны сүүлчээр хийжээ.

1944 оны давших операцийн төлөвлөгөөг Жанжин штаб няхуур боловсруулж, түрүү жилийнх шигээ нэг хоёр чиглэлд биш, харин стратегийн нийт фронтод давшилтын том операци бэлтгэн хэрэгжүүлэх боломжтой гэсэн дүгнэлт гаргажээ. Дайсны гол хүчийг бут ниргэх, германы эвслийг задлан бутаргах зорилгоор дайсанд хүчирхэг цохилт өгөхийн тулд 10 район сонгож, байлдаж буй хүч хэрэгслийг эдгээр районд төвлөрүүлжээ.

1944 оны 1 дүгээр сарын 14-нд Ленинградын болон Волховын фронтын идэвхтэй дэмжлэгтэйгээр Ленинградын дэргэд хүчирхэг давшилт өрнүүлж эхэлжээ. Ленинградыг 900 өдрийн турш бүсэлж байсан германы армийн “Умард” бүлэгт тэд цохилт өгч, бүслэлтийг устган, дайсны цэргийг олон арван км ухраажээ.

1944 оны нэгээс гурав дугаар сард Баруун эргийн Украинд лут их тулалдаан өрнөж, Баруун эргийн Украины бүх нутаг, Молдавийн нутгийн хагасыг чөлөөлж, 3 дугаар сарын 26-нд Зөвлөлтийн цэрэг Румыны хилд хүрэв. Дөрөв, тавдугаар сард Украины 4 дүгээр фронт Крымд дайсны хориглолтыг сэтлэж, Севастополийн дөхөц газарт нэн ширүүн байлдаан өрнүүлж бүрэн чөлөөлөв. 1941-1942 онд энэ хотыг эзлэхэд германы цэрэгт 250 өдөр шаардагдсан бол 1944 онд зөвлөлтийн цэрэг байлдааны таван өдөрт чөлөөлжээ.

Зөвлөлтийн арми германыг бие даан бут ниргэж чадахыг түүний амжилтууд гэрчилж байв. Гэлээ ч холбоотнууд европт хоёрдугаар фронтоо нээжээ. 1944 оны 6 дугаар сарын 6-нд америк, английн цэрэг Францын умард нутагт буув. Гэвч үүнээс хойш ч гэсэн зөвлөлт германы фронт дайны гол фронт хэвээрээ байв. “Багратион” буюу Белоруссыг чөлөөлөх операцийн давшилтыг 600 км хүртэл гүн, 1000 гаруй км фронтод хэрэгжүүлэн давшилт эхлэхэд зөвлөлтийн талаас 2,4 сая хүн, 36 мянга гаруй их буу миномёт, 5,2 мянган танк, өөрөө явагч их буу, 5,3  мянган нисэх онгоц татжээ. Дайсанд хэд хэдэн хүчирхэг цохилт өгч, түүний хориглолтыг 500 км-ийн зурвасаар сэтэлж, эхний зургаан өдөрт 150 км ахиж, германы 11 дивиз, 100 мянган хүнтэй бүлэглэлийг бүслэн устгажээ.

Долоодугаар сарын эцэс гэхэд Белоруссыг бүрэн чөлөөлж, улмаар Литва, Латвийг чөлөөлж эхлэв. 1944 оны  8 дугаар сарын 17-нд Зөвлөлтийн цэрэг Германы хилд хүрэв. Түүнээс бүр өмнө Польшийг чөлөөлж эхэлсэн юм. “Багратион” давших операци гарамгай амжилт олж, Германы армийн Төв бүлэглэлийг бут ниргэж, фронтын шугам өрнө зүгт 600 км хүртэл цаашлав. 1944 оны 7 дугаар сард Карелид дайсны хориглолтыг сэтлэж, Выборг, Петрозаводск хотыг чөлөөлөв. Ленинградад умардаас учрах аюулыг арилгав. 9 дүгээр сард нь Финланд улс Германаас харилцаагаа тасалж, дайнаас гарлаа. Түрэмгийлэгчид нэг доргилтоос сэхээ авч амжаагүй шахам байхад тэдний толгойд дахин бүр хүчтэй цохилт бууж байлаа. Белоруссын давших операци ид өрнөж байх үеэр Украины баруун мужуудад давшилт эхэлж, германы “Умард Украин” бүлгийг бут ниргэж, давшилтын хагас сард 200 км урагш ахиж, Львов, Украины баруун бүх муж, Польшийн зүүн өмнөд нутгийг чөлөөлж, Висла мөрний цаадтай Сандормир хотын районд том түшиц газрыг эзлэн авав.

1944 оны 8 дугаар сард Яссы-Кишиневийн давших операци эхэлж, байлдааны дөрөв дэх өдөр германы цэргийн томоохон бүлэглэлийг битүү бүсэлж тулалдсаны эцэст зөвлөлтийн тал дайсны 208 мянган цэрэг, 25 генерал, их хэмжээний зэр зэвсэг олзлон авчээ. Энэ операцийн дараа Румын улс Германы эвслээс гарч, Германд дайн зарлав.

Умард нутагт Карелтийн фронтын дайчид германы уулын 20 дугаар армийг бут цохиж, Печенга боомт, дайсанд эзлэгдсэн умардын бүх нутгийг чөлөөлж, Умард Норвегид нэвтэрч, тэдний нутгийг ч чөлөөлжээ.

1944 онд Зөвлөлтийн армийн байгуулсан гайхамшигтай ялалтууд цэрэг, улс төрийн асар их ач холбогдолтой байлаа. Эдгээр ялалтуудын үр дүнд германд эзлэгдсэн оросын бүх нутаг дэвсгэрийг дайснаас бүрэн чөлөөлж, Баренцевийн тэнгисээс Хар тэнгис хүртэлх улсын хилийг сэргээн тогтоов. Германы цэргийн стратегийн бүх гол бүлэглэл бут ниргэгдэв. Зөвхөн 1944 он зун, намар германы 96 дивиз, 24 бригадыг устгасан буюу олзолж, 219 дивиз, 22 бригад бүрэлдэхүүнийхээ 50-75 хувийг алджээ. Эдгээр тулалдаанд германы 1,6 сая цэрэг, офицер, асар их хэмжээний байлдааны зэр зэвсэг, техник устаж, Герман бараг бүх холбоотноосоо хагацаж, улс төрийн талаар бүрэн ганцаарджээ.

Дайны явцад бүх фронтыг шаардагдах бүхнээр тасалдалгүй хангадаг байхын тулд зөвлөлтийн ард түмэн туйлын хүнд хөдөлмөр, асар их сэтгэлийн тэнхээ гаргасныг түүх гэрчилнэ. Бүр 1941 оны сүүлийн хагаст эхний хагас жилийнхтэй нь харьцуулбал 2 дахин илүү танк, нисэх онгоц, их буу, пулмёт, 8 дахин их автомат үйлдвэрлэдэг болсон байв. 1942, 1943 онд цэргийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд баатарлаг хүч чармайлтаар өдөр шөнөгүй хөдөлмөрлөж,  1943 оноос дайнд үндсэн эргэлт гаргасан нь  зөвлөлтийн ар талын ажил үйлсийн гарамгай амжилттай шууд холбоотой. 1943 онд ар талаас фронтод 35 мянган нисэх онгоц, 24 мянган танк болон өөрөө явагч их буу, 69 мянган миномёт, байлдааны бусад олон мянган зэр зэвсэг нийлүүлсэн нь тоогоороо ч чанараараа ч германы талаас давсан байдаг. Зөвлөлтийн ард түмэн байлдаж буй армид зориулан хувиасаа мөнгө хуримтлуулан үйлдвэрлэсэн танк, нисэх онгоцоор бүхэл бүтэн хороо байгуулж байв. Фронтын хэрэгцээг хангахад зориулсан цэргийн үйлдвэрлэлээ улам нэмэгдүүлэн 1943 оноос чөлөөлөгдсөн хот, мужуудад улс ардын аж ахуйг сэргээн босгох их ажил богино хугацаанд өрнөв.

Дайны явцад сайн дурынхан буюу партизаны зэвсэгт хүчний отряд, хорооны бүрэлдэхүүн олон зуун мянган эх орончид тулалдаж, булаан эзлэгчдийн эдийн засгийн болон бусад арга хэмжээг тасалдуулахад үлэмж хохирол учруулж, энэ тэмцэл цар хэмжээгээрээ дэлхий дахиныг бишрүүлж байлаа. Бүр 1941 оны эцэс гэхэд германы армиудын ар талд партизаны 2000 гаруй отряд, өдий төдий байлдах бүлэг ажиллаж байв. Партизануудын байлдааны ажиллагааг зохицуулж,  Зөвлөлтийн армийн цэрэгтэй тэдний харилцан ажиллагааг уялдуулах, зохион  байгуулахын тулд тусгай штабуудыг хүртэл байгуулжээ. 1942 оны 5 дугаар сард Дээд Ерөнхий командлалын дэргэд Партизаны хөдөлгөөний төв штаб байгуулагдсан бөгөөд салбар штабуудыг дайсны эзэгнэлд орсон бүгд найрамдах улс, хязгаар, мужид мөн байгуулжээ.

Партизаны отрядууд, нэгтгэл ангиуд дайсны гарнизонд мэдэгдэхүйц цохилт өгч, германы цэрэг, офицер, тэдний байлдааны техникийг устган шатахуун галт хэрэгслийн агуулахыг дэлбэлж, төмөр замаар явж буй цэргийн цувааг онхолдуулж байв. Булаан эзлэгчдийн гар хөл бологчдыг хатуу цээрлүүлэн Герман руу албадлагын хүчир хөдөлмөрт хөөгдөхөөс нь зайлсхийхэд эмэгтэйчүүд, хүүхдүүдэд тусалж байв. Партизаны нэгтгэл ангиуд өөрсдийн төлөвлөгөөгөөр байлдахаас гадна Зөвлөлтийн цэрэгтэй харилцан ажиллаж, байлдааны томоохон операци явуулдаг байв. Курскийн тулалдаанд партизанууд зөвлөлтийн цэрэгт туслах зорилгоор “Зам төмрийн дайн” нэртэй операци явуулж, хэд хэдэн мужийн 100 мянга гаруй партизан оролцжээ. Энэ операцийн үр дүнд 215 мянган км зам төмөр, 1340 км төмөр зам эвдсэн байв. Үүнээс шалтгаалан фронт хавийн хэд хэдэн төмөр замд дайсны цувааны хөдөлгөөнийг хэдэн өдрөөр саатуулж чаджээ. 1944 онд Дээд Ерөнхий командлалын даалгавраар 250 мянган партизан дайсны фронт хавийн ар тал болон зам харилцаанд идэвхтэй байлдаж, зөвлөлтийн цэргийн давшилтыг дэмжиж байв.

Дайны жилүүдэд дайсны ар талд партизаны 6200 гаруй отряд, нууц бүлэг ажиллаж тэдгээрт 1,1 сая эх орончид байлджээ. Партизанууд германы 1,5 сая орчим цэрэг, офицерыг устгаж, шархдуулан олзлож, олон гүүр, дайсны 20 мянга гаруй цуваа, олон зуун танк, нисэх онгоцыг шатааж, дэлбэлжээ. Партизануудтай тэмцэх, ар талаа хамгаалахын тулд германы командлал фронтоос байлдааны том хүч 500 мянга хүртэлх цэрэг офицер, 50 орчим дивизээ татахад хүрч байжээ. Зөвлөлтийн Улаан арми баатарлагаар байлдаж, партизанууд дайсны ар талд тулалдан баатарлаг гавьяа байгуулж байсны үр дүнд германыг бүрмөсөн ялах бүх бодит нөхцлийг 1944 онд бүрдүүлжээ.

 

Хэвлэлд бэлтгэсэн дэд хурандаа П.БАТНАЙРАМДАЛ


Сүүлд нэмэгдсэн
МОНГОЛ УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛТ САХИЛГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТААРАА ҮЛГЭР ДУУРИАЛАЛ БОЛЖ БАЙНА

2019 оны 10 сарын 11

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА Д.ГАНЗОРИГТ ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛ ОЛГОЛОО

2019 оны 10 сарын 10

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 124 ДҮГЭЭР АНГИЙГ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР ШАГНАВ

2019 оны 10 сарын 09

УУЛЫН ЯВГАН ЦЭРГИЙН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2019 оны 10 сарын 07

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГААР БРИГАДЫН ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ ТОМИЛОГДЛОО

2019 оны 10 сарын 04

АФГАНИСТАНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ЦЭРГИЙН БАГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 10 сарын 02

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ УДИРДЛАГУУД АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 09 сарын 30

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БАРИЛГЫН ЦЭРГИЙН 017 ДУГААР АНГИЙГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД МАНЛАЙЛАН ОРОЛЦОХ АСУУДАЛД АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

2019 оны 09 сарын 30

Б.БАТ-ЭРДЭНЭ: ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН АЛБА ХААГЧДАД НҮБ-ААС ЦАЛИН ОЛГОДОГГҮЙ

2019 оны 09 сарын 25

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР ТӨВ ТАЛБАЙД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА СУРТАЛЧИЛЛАА

2019 оны 09 сарын 25

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019