МОРЬ-МАРШАЛ-ЖАНЖИН ШТАБ

2015 оны 04 сарын 13

Морь-Маршал-Жанжин штаб

                                                                       Ж.Базарсүрэн

          БХИС-ийн профессор,  доктор

                                                                 

Зэвсэгт Хүчний уураг тархи болсон “Жанжин штаб” хэмээх цэргийн удирдлагын дээд нэгж нь гүйцэтгэх үүрэг хийгээд байгуулалтын зарчмын одоогийн энэ хэлбэрээрээ анх XVIII-XIX зууны үед өрнө дахинд үүсэн бий болсон гэж үздэг. Гэхдээ “Жанжин штаб” гэдэг байгууллага гэнэт нэг өдөр буй болоогүй. Олон улсын цэргийн хэргийн хөгжлийн тодорхой үе шатыг дамжин харьцангуй урт хугацаанд, хэд хэдэн үе шатыг дамжсаар өнөөгийн энэ хэлбэр төрхөө олсон ажээ. 

Эрт, дундад эртний үед Зэвсэгт хүчин орчин цагийнх шиг олон ай, төрөл, мэргэжлийн цэрэгтэй байгаагүй агаад хүн хүчний тоогоор ч өдгөөгийнх шиг ийм их хэмжээтэй байгаагүй учир тэдгээрийн үйл ажиллагааг нягт уялдуулан зохицуулах удирдлагын тусгай нэгж байгуулах шаардлага ч байхгүй байсан бөгөөд хаад, дээдэс өөрсдийн шадар цэргийн ноёдтойгоо нийлэн цэргээ биечлэн захирч жолоодож болдог байж. Харин түүхэн хөгжлийн явцад цэрэг армийн хэмжээ өргөжин тэлж, үйл ажиллагаа нь асар уудам газар орныг хамрах болсноор олон төрөл мэргэжлийн цэрэг, нэгтгэл, ангиудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах тусгай нэгж байгуулах шаардлага амьдралаас урган гарчээ.

Гэхдээ “Жанжин штаб” үүсэн буй болох процесс өрнө, дорно хийгээд улс гүрэн бүрт өөр өөрсдийн онцлогтойгоор явагджээ.

 

 

 

 

 

 

 

Өрнө дахины түүхээс

1.1. Морь-маршал

Олон арми, нэгтгэл ангиудын удирдлагыг нэгэн гарт төвлөрүүлэн зангидах  үүргийг өрнө дахинд анх “Маршал” хэмээх өндөр хэргэм цолтнууд өөр өөрсдийн багтайгаа хамсан гүйцэтгэх болжээ. Дашрамд өгүүлэхүй, монголчуудын хувьд сонирхолтой агаад бахдалтай нь олон улс дахинаа цэргийн эрхэм дээд цолыг илэрхийлж буй эл “Маршал” гэдэг нэр томьёо Монголоос угшилтай буюу даяаршсан нэгэн монгол үг ажээ. Тухайлбал монголын   “Морь” гэдэг үгийг герман, англи, франц зэрэг улс аймгийнхан анхлан “Марр”, “Маарр” гэх маягаар сонсон дуудаж сураад ван ноёдынхоо агт морьдыг хариуцдаг шадар ноёдоо “Марискал” (германууд marahscalc,  францууд maréchal) хэмээдэг байж. Тэр нь яван явсаар “Маришал”, “Маршал” болон хувисчээ. Өрнөдийн үгийн гарлын толиудад “Маршал”-ын утгыг  “Морь баригч, агтчин” гэх агуулгатай хэмээсэн байдаг нь түүний нотолгоо. Францууд одоо ч морь тахлаачийг  хуучнаараа “Мaréchal (маришал)” гэж нэрлэдэг.

Чингэсээр анхлан XII зуунд үндэслэн байгуулагдаж, дэлхий дахинаа цэргийн их ялалт амжилтаараа алдар суугаа мандуулж асан Германы Тевтоны бүлэглэнгийн загалмайтнууд морьт цэргийнхээ гол захирагч ноёноо “Маршал”, “Фелдмаршал (Field marshal)” хэмээн өргөмжлөх болсноос үүдэн уг цол цэргийн ноёдын дээд цол болон олон улс даяар уламжлагджээ.

1.2. Квартирмейстерийн штаб (Quartiermeisterstab)

XVI зуунаас эхлэн Франц, Прусс, Герман зэрэг улсын цэрэгт өмнө нь маршалуудын гүйцэтгэж байсан үүргийг “Квартирмейстерийн штаб” гэдэг нэгж гүйцэтгэх болжээ. “Квартирмейстер” гэдгийн “Квартир (Quartier)” нь германы “орон байр, сууц, хүрээ хороо”, “мейстер (Meister)” нь мастер, мэргэжилтэн, эрхлэгч гэсэн утгатай үг.

Квартирмейстерийн штабын бүрэлдэхүүнд маршал, фельдмаршал цолтон ч ордог байсан ба “Генерал квартирмейстер” цолтон удирддаг байж. Квартирмейстерүүдийн үүрэг анхандаа хязгаарлагдмал, гагцхүү цэргийн анги салбаруудыг газар орон дээр байршуулах, цэрэг явах газар орон, зам харгуйг судлах гол үүрэгтэй байсан учир тийнхүү нэрлэсэн хэрэг. Харин яваандаа дээрх үүргээс гадна дайтах газар орныг судлах, цэргийн газрын зураг бэлтгэх, цэргийг шилжүүлэн бүлэглэх, бэхлэлт, зам гүүр барих, ар талын хангалтыг зохион байгуулах, тэр ч байтугай байлдааны ажиллагааны талаар дэлгэрэнгүй бичиглэл үйлдэх зэрэг ажлыг гүйцэтгэх болов. Яг ийм өргөн үүрэг бүхий байгууллагыг анх францчууд XVII зуунд байгуулсаныг “жинхэнэ” Жанжин штабын үүсгэл болсон гэж судлаачид үздэг. Гэхдээ тэр үед ч “Генерал-квартирмейстерийн штаб” хэмээх нэртэйгээ л байсан бөгөөд тодорхой тогтсон бүтэц ч байхгүй байв. Харин францчууд 1792 онд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж “Төв штаб” хэмээн нэрийдэх болсон бөгөөд Наполеоны үеэс эхлэн хуучин үүргээсээ гадна стратегийн төлөвлөгөө боловсруулах, байлдаан тулалдааны явцад цэргийг маневрлах, дэлгэн байрлуулах ажиллагааг удирдан зохион байгуулахад нь  удирдлагад туслах болсноор өнөөгийн Жанжин штабуудын гүйцэтгэж буй үүргийн үндэс суурь тавигдсан байна. Наполеоны цэрэг дорно зүг рүү амжилттай давшиж, олон улс орны цэргийг харьцангуй богино хугацаанд “өвдөг шороодуулж” асан нь Төв штабынх нь үйл ажиллагаатай ч холбоотой байлаа.

1.3. Домогт анхны  “Дээд ерөнхий штаб” (Жанжин штаб)

Наполеонтой хийсэн дайнд, ялангуяа 1803-1806 онд дайны талбарт удаа дараалан бут цохиулсан нь германчуудад ихээхэн сургамж болов. Тиймээс Пруссын армийн командлал 1806-1814 онд цэргийн эрс шинэтгэл хийж, удирдлагын нэгжүүдээ ч өөрчлөн зохион байгуулахад хүрчээ. Түүний нэг үр дүн нь хуучин Квартирмейстерийн штабын тогтолцоог халж, шинэчилсэн бүтэц зохион байгуулалт, үүрэг зориулалт бүхий цэргийн дээд удирдлагын нэгж болох “Дээд ерөнхий штаб (Großer Generalstab)”-ыг 1806 онд бие даалган байгуулсан явдал байлаа.

Чингэхдээ удирдлагын тэрхүү нэгжээ дадлага туршлагатай, боловсрол мэдлэг сайтай ажилтнуудаар хангахад онцгой анхаарах болов. Тухайлбал штабт ажиллах боловсон хүчнийг сонгохдоо зөвхөн анги салбарт тодорхой хугацаагаар ажилласан хүмүүсийг авахаас гадна штабт ажиллагсдыг ч мөн тодорхой хугацаагаар анги, салбаруудад илгээн ажиллуулах журам тогтоов. Мөн штабт ажиллах боломжтой, авьяас чадвартай хүмүүсийг шилж сонгон, 1810 онд байгуулсан Пруссын цэргийн академидаа тусгайлан сургаж бэлтгэх болов.

Түүнээс гадна штабын ажилтнуудад армийн тодорхой, тодорхой нэгтгэл ангиудыг хариуцуулах болсон нь удирдлагыг шуурхай, хүртээмжтэй болгоход ихээхэн нөлөө үзүүлснээр барахгүй нэгтгэл ангиудын байлдааны бэлэн байдал,  төдийгүй ерөөс тэнд болж буй бүхнийг тэр дор нь “Барометр” лугаа адил мэдэрч зөв зохистой шийдвэр гаргаж байх боломжийг олгожээ.

Пруссын штаб байгуулагдсан цагаасаа эхлэн байлдааны ажиллагааны төлөвлөгөө болгоныг маш нягт нямбай, тал талаас нь үнэлж цэгнэн, өнөө үеийн хэлллэгээр бол үнэхээр “Шинжлэх ухаааны үндэс”-тэй боловсруулж эхэлсэн нь төдөлгүй үр дүнгээ өгч Пруссын цэрэг Наполеоны цэрэгтэй тулалдсан томоохон тулалдаануудад илүүрхэн, 1814 онд Парисыг эзлэн, 1815 онд Ватерлоогийн дэргэдэх тулалдаанд түүхэн их ялалт байгуулснаар яруу алдраа цуурайтуулав.   

Цэргийн дээд удирдлагын шинэхэн нэгж тийнхүү өөрийн давуу тал,  байлдааны боломж, чадавхийг дэлхий дахинаа бүрнээ нотлон харуулсан учир тухайн цагтаа “Үлгэр жишээ” болж, өрнийн улс орнууд түүний бүтэц зохион байгуулалтыг  хуулбарлан авч, мэргэжилтнүүдийг нь урьж, ажлын арга барилаас нь суралцах болсноор орчин үеийн загварын “Жанжин штаб” бий болсон түүхтэй. Жич: Германчуудын ярианы хэлэнд аливаа үйл хэргийг урьдчилан төлөвлөхдөө дараа нь ямар нэг санамсаргүй, тооцоогүй зүйл гарах өчүүхэн ч хий зайгүйгээр, “Яс” төлөвлөхийг “Generalstabsmäßig” (генерал штаб мэсиг) буюу “Генерал штабдах” хэмээх хэллэгийг одоо ч өргөн дэлгэр хэрэглэдэг нь өгүүлэн буй штабын үйл хэрэг ямархуу байсныг илтгэх “Амьд баримт” гэж болно.

 

 

 

Монгол цэргийн түүхээс

2.1. “Жанжин штаб” хэмээх нэрийн гарал үүслийн тухайд

Энэ нэр томьёо хоёр гадаад үгнээс бүтсэн бөгөөд “Жанжин” гэж хятад гаралтай нэр томьёо. Нийтийн тооллын өмнөх 770-476 дугаар онд оршин тогтнож асан эртний Хятадын “Хавар,Намрын улс”-ын үед цэрэг захирагч сайд, цэргийн том ноёдоо “将军” буюу “Жяньжүн” гэж нэрлэдэг байсан нь тийн уламжлагджээ. Хятадууд одоо ч дэслэгч генералыг “Жунжянь”, хурандаа генералыг “Шанжянь” хэмээдэг.

Харин одоогийн бидний “Жанжин штаб” гэж орчуулдаг, БНХАУ-ын цэргийн удирдлагын дээд нэгжийнх нь нэрэнд “Жанжин” гэдэг үг байхгүй, “Ерөнхий, нэгдсэн штаб” гэсэн утгатай үгээр илэрхийлдэг байна.

Жанжин хэмээх эл нэр томьёо Манжийн эрхшээлийн үед Монголд нэвтэрсэн бөгөөд Манжийн захиргаа-цэргийн байгуулалтын дагуу Халх дөрвөн аймгийн цэргийн хэрэг эрхлэх хамгийн том албан тушаалтныг “Жанжин” хэмээж байснаас гадна “Гавшгай жанжин”, “Да жанжин (Тэргүүн жанжин)”, “Туслах жанжин (Бүс нутгийн амбан сайд)”. “Өрлөг жанжин”, “Жанжин штаб” гэх мэтээр хэрэглэгдсээр иржээ.

“Штаб” гэдэг нь германы очир, очирт таяг гэсэн утга бүхий үг бөгөөд тэрхүү “штаб” хэмээх очирт таяг нь эрт цагт ноёд дээдсийн хэргэм зэргийг илэрхийлсэн бэлгэ тэмдэг болдог байж. Тиймээс цэргийн удирдлагын тэрхүү нэгж нь “дээд зэргийн эрх мэдэлтэй” гэдгийг бэлгэдэн тийн нэрлэсэн хэрэг. Одоо олон улсын шинж чанартай нэр томьёо болон хувирчээ.

2.2. Цэрэг мэдэх чэрби-Цэргийн хэрэг бүгдийг ахлагч

Монгол цэргийн түүхийг сөхвөөс XIII эхэн үеийг хүртэл тархай бутархай оршин тогтнож асан монголжин овог аймгуудын хан ноёдын цэргийн тоо харьцангуй цөөн байсан учир дээр өгүүлсэнчлэн цэргийн удирдлагын тусгай нэгж байгуулах шаардлагагүй байлаа. Дайтан тулалдах хэрэг гармагц овог аймгийн тэргүүлэгч нар шадар нөхөд, ноёд баатруудаа цуглуулан “Их эе” эетэлдэж,  цэргээ “Их гол” болон баруун, зүүн “гар” гэхчлэн хуваагаад, хэн нь манлайлан тулалдах, хэн нь байлдааны журмын бусад хэсэгт байрлахыг хэлцэн тохирдог байсан ба хан, ноёд өөрийн биеэр байлдааныг удирддаг байв.

Чингис хаан Хамаг Монголыг нэгэн жолоонд оруулсныхаа дараахан буюу 1204 онд цэргийн шинэчлэл хийж,  цэргийн байгуулалтын “Хүрээ”-ний ёсыг халж, аравтын тогтолцоонд тулгуурласан “Мянгатын байгуулалт”-ад шилжүүлэхдээ “Чэрби” хэмээх албан тушаал буй болгож зургаан хүнийг томилосны нэгийг  “Цэрэг гаргах, цэрэг мэдэх чэрби” хэмээжээ. Тэрхүү чэрби нь аравт, зуут, мянгатуудыг аян дайн, ан гөрөөнд мордуулах, аж ахуй, харуул манаанд гаргахаас эхлэн цэрэг дайны бэлтгэлийг хангуулах бүхий л хэргийг хариуцдаг, их хаанаас “Хурилдай”, “Их эе” зарласан үед түүнд оролцон санал бодлоо илэрхийлэх, байлдааны төлөвлөгөө боловсруулахад оролцож хааны тушаалыг биелүүлэх ажлыг удирдан зохион байгуулах зэрэг ажлыг хариуцаж байжээ. Гагцхүү дотоод мянган буюу шадар хэшигтнийг хааны зөвшөөрөлгүйгээр томилох эрхгүй байсан нь Монголын нууц товчоонд Их хаантан “Хэвтүүлийг биднээс ангид цэрэг бүү гаргатугай” гэж зарлиг болоод хэрэв энэ зарлигийг  давж хэвтүүлийг гаргавал “Цэрэг гаргах, цэрэг мэдэх чэрби алдалтан болтугай!” хэмээснээс илэрхий байна.

Их Монгол Улс байгуулагдсанаар Монголын Зэвсэгт хүчин нь ”Гадаад” 95 мянган, “Дотоод” 10 мянганаас бүрдэх болсон нь тэдгээр олон мянгатуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулахад Хаантанд туслах чэрбиэс гадна бас өөр өндөр эрх мэдэл бүхий тусгай албан тушаалыг буй болгох шаардлагыг буй болгожээ. Тиймээс Чингис хаан 1206 онд “Цэргийн үйл бүгдийг ахлах” албан тушаалыг үүтгэж Барлус овгийн Хубилай ноёныг томилжээ. Түүнээс гадна Чингис хаан бас “Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй та (та нар) дөрвөн нохсоо зорьсон газраа илгээж, Боорчу, Мухали, Борохул, Чулуун баатар эд дөрвөн хүлгүүдээ дэргэдээн авч, хатгалдах өдөр Уругуд, Мангудаа урдаа байгуулбаас, бүгд сэтгэлээ амуух бүлгээ” хэмээсэн нь тэд Чингис хааны цэргийн үйл ажиллагаанд хамгаас илүү нөлөөтэй хүмүүс байсныг илэрхийлж буй хэрэг.

Эл “Цэрэг гаргах, цэрэг мэдэх чэрби”, “Цэргийн үйл бүгдийг ахлах” албан тушаалтан хийгээд Боорчу, Мухали, Борохул, Чулуун баатар дөрвөн хүлэг баатар тэргүүтний гүйцэтгэж байсан үүрэг нь Европ дахины “Маршал”, “Генерал- Квартирмейстер”-үүдийнхтэй зарчмын хувьд нэлээд төслөг байна.

2.3. “Илдэч”-ийн газар

Дундад эртний үед монгол цэрэг хилийн дээс алхаж, дэлхийн өргөн уудам дайдад тархан бие даасан түмтүүд нь олон улс аймгийнхантай нэгэн зэрэг тулалдаж, заримдаа өрнө, 2-3 фронтод байлдааны ажиллагаа явуулах болсон үеэс олон мянгат, түмтүүдийн ажиллагааг нягт уялдуулан зохицуулах зорилгоор “Илдэч” хэмээх удирдлагын тусгай нэгжийг байгуулжээ. ХХ зууны эхээр Орос, халимагийн эрдэмтэн Эренжен Хара-Даван тэр тухай “Монголын арми манай “Генеральный штаб” маягийн байгууллагатай байв. Тэнд ажиллагсдыг “Юрт-жи (Юлдэч буюу илдэч гэдгийн гажсан хэлбэр бололтой. Ж.Б.) хэмээдэг ба гол дарга нь манай генерал-квартирмейстертэй дүйцнэ. Тэдний гол үүрэг нь тайван ба дайны цагт дайсныг тагнах ажлыг зохион байгуулах явдал байв. Түүнээс гадна илдэч нар өвөл, зуны нүүдэл суудлыг зохицуулах, цэрэг аялан явах үед цуваануудыг удирдах, хуарагнан буух газар орныг тодорхойлон тогтоох, хан ноёд, том дарга нарын болон цэрэг ангийн буух газрыг сонгох үүрэгтэй байв. Суурин улс оронд бол тариа будааг нь талхалчихгүйн тулд тариг талбайнаас нь зайдуу газарт хороо хуаран байгуулах  үүрэгтэй байлаа” гэсэн байдаг.

Юань улсын төрийн институтуудын дотор “Цэргийн яам” гэж байснаас гадна бас цэрэг, дайны асуудлыг эрхэлдэг арван хоёр дээд ноёд, түшмэлээс бүрддэг тусгай “Зөвлөл” ажилладаг байв.

Марко Поло энэ тухай өгүүлэхдээ “Их хаан цэрэг, армийн үйл ажиллагаа, хөдөлгөөн, шилжилтийг хянан зохицуулах, цэргийн дээд удирдлагын өөрчлөлт, томилолтыг зөв зүйтэй зохицуулах, байлдаж буй цэрэг дайчдыг нэгэн хэсгээс нөгөө рүү “Их хаан цэрэг, армийн үйл ажиллагаа, хөдөлгөөн, шилжилтийг хянан зохицуулах, цэргийн дээд удирдлагын өөрчлөлт, томилолтыг зөв зүйтэй зохицуулах, байлдаж буй цэрэг дайчдыг нэгэн хэсгээс нөгөө рүү нь нүүлгэх, шилжүүлэх болон хэрэгцээ шаардлагатай газарт нэмэлт хүч илгээх зэрэг чухал зүйлсийг шийдэх, хэрэгжүүлэх арван хоёр дээд ноёд, түшмэдийг тохоон томилдог билээ.

Мөн эдгээр арван хоёр ноёны шийдэх ажлын хүрээнд эр зоригтой, дайчин эрсийг шагнаж урамшуулах, зэрэг дэв дээшлүүлэх болон мулгуу муу, хулчгар шантрамтгай хүмүүсийг зэрэг дэв бууруулах, шийтгэж баалах үүрэг багтана...

Энэхүү арван хоёр түшмэдийн зөвлөлийг Тай (Thai) гэж нэрлэх бөгөөд “Дээд шүүх” гэсэн утгатай, учир нь эдгээр арван хоёр ноёд, түшмэдээс дээших эрх мэдлийг зөвхөн Их хаан эдэлнэ” гэсэн байна.

Энэ бүхнээс үзвэл Чингис хааны үед байгуулсан “Илдэч”, Юань гүрний үеийн тусгай “Зөвлөл”-үүд нь одоогийн “Жанжин штаб”-ын уугал хэлбэрүүд байсан байна.

Дүгнэлт:

Нэг. Өрнийн “General Staff” хэмээх байгууллага түүхэн хөгжлийнхөө явцад тодорхой үе шатуудыг дамжсаны нэгэн адил монгол цэргийн удирдлагын дээд нэгж болсон “Зэвсэгт хүчний Жанжин штаб” ч мөн чэрби болон “цэргийн үйл бүгдийг ахлах” албан тушаалтнаас эхлэн “Илдэч”, “Сэцдийн зөвлөл”, “Жанжин штаб” хүртлээ түүхэн хөгжлийн өвөрмөц үе шатуудыг дамжиж иржээ.

Хоёр. Одоогийн цэргийн удирдлагын дээд нэгж болох Зэвсэгт хүчний жанжин штаб маягийн байгууллагыг монголчууд бүр XIII зууны үед буюу өрнө дахинаас даруй 5-6 зуун жилийн өмнө байгуулж байжээ. Энэ нь монголчууд дундад эртний тэртээ нэгэн цагт цэргийн хэргээрээ бусдыг манлайлан хошуучилж байсны нэгэн илэрхийлэл болж байна.

 

 

 

           

 


Сүүлд нэмэгдсэн
МОНГОЛ УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛТ САХИЛГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТААРАА ҮЛГЭР ДУУРИАЛАЛ БОЛЖ БАЙНА

2019 оны 10 сарын 11

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА Д.ГАНЗОРИГТ ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛ ОЛГОЛОО

2019 оны 10 сарын 10

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 124 ДҮГЭЭР АНГИЙГ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР ШАГНАВ

2019 оны 10 сарын 09

УУЛЫН ЯВГАН ЦЭРГИЙН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2019 оны 10 сарын 07

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГААР БРИГАДЫН ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ ТОМИЛОГДЛОО

2019 оны 10 сарын 04

АФГАНИСТАНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ЦЭРГИЙН БАГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 10 сарын 02

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ УДИРДЛАГУУД АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 09 сарын 30

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БАРИЛГЫН ЦЭРГИЙН 017 ДУГААР АНГИЙГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД МАНЛАЙЛАН ОРОЛЦОХ АСУУДАЛД АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

2019 оны 09 сарын 30

Б.БАТ-ЭРДЭНЭ: ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН АЛБА ХААГЧДАД НҮБ-ААС ЦАЛИН ОЛГОДОГГҮЙ

2019 оны 09 сарын 25

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР ТӨВ ТАЛБАЙД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА СУРТАЛЧИЛЛАА

2019 оны 09 сарын 25

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019